Ц.Билэгтсайхан: Ажилчдын үндсэн цалинг гуравдугаар улиралд 60 хувь хүртэл нэмэгдүүлсэн
"Eagle" телевизийн "Зочны цаг" нэвтрүүлэгт ХӨСҮТ-ИЙН захирал Ц.Билэгтсайхан оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан " Манай төвөөс долоо хоног тутам цар тахлын тайлан мэдээ гаргадаг. Энэ тайлан мэдээнээс харахад, эхнээсээ эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, долоо хоног тутамд шинээр батлагдаж буй тохиолдлын тоо, нас баралт хүндрэлийг илэрхийлдэг үзүүлэлтүүд гэж бий. Мөн PCR шинжилгээний эерэг илрэх хувь байна. Бид эдгээр үзүүлэлтийг судалдаг. Ерөнхийдөө өдөрт батлагдаж буй тохиолдлыг тоо цөөрч байна. Цаашдаа халдварын тархалт тогтвортойгоор буурах хандлагатай байна гэж харж буй.
Миний хувьд ХӨСҮТ-ийн даргын ажлыг аваад нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэд хэдэн чиглэлээр төвлөрч ажиллалаа. Нэгдүгээрт, эмнэлгийн хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлж байна. Хоёрт, эмнэлгийн дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд. Гуравт, ХӨСҮТ үндэсний төвийнхөө байр суурийг олон улсад хэрхэн илэрхийлэх вэ гэдэг санал санаачлага гараад явж байна.
Би нэг ч халаа, сэлгээ хийгээгүй. Ажлаа хүлээн авсан цагаас цар тахлын гурав дахь давалгаа руу ханцуй шамлан орсон. Хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэрүүд гаргахдаа нэн түрүүнд ажилчдыг ая тухтай орчинд ажиллуулах тал дээр анхаарч байна. Хоёрт, ажилчдын үндсэн цалин хөлсийг 2021 оны гуравдугаар улиралд 60 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Энэ нь 10 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлээд байна.
Хүний нөөцтэй холбоотой бас нэг том шийдвэр гарсан нь манай дэмжих тасгууд дотор инженер тоног төхөөрөмжийн албаныхан байдаг. Эдгээр 16 инженер өмнө нь гэрээт ажилчнаар ажилладаг байсан бол одоо үндсэн ажилтан болсон. Үндсэн ажилтан болсноор цалин хөлс, нийгмийн даатгал нь баталгаажна." гэв.