ЭМД-ын сангаас КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд ₮204 тэрбумыг зарцуулсны ₮166.9 тэрбум нь эмнэлгүүдэд ногджээ

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын 18-аас дээш насны иргэн бүр жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой ч хамрагдалт маш хангалтгүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээллээ.

2020 онд л гэхэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгэд хамрагдалт зорилтот 2,067,292 хүнээс 7.9%-тай байсныг тэрбээр хэллээ.

Энэхүү үйлчилгээнд зориулж нэг хүнд 56,000 төгрөг төсөвлөдөг. Харин нэг хүн өвчилбөл дунджаар 11.2-12.3 сая төгрөгийн зардал гардаг гэсэн тооцоог ДЭМБ гаргажээ. Тиймээс эрт илрүүлэг, оношилгоонд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг 2022 оны нэгдүгээр сараас хийхээр төсөвт тусгаж байгааг Эрүүл мэндийн сайд дуулгалаа.

Хэрэв эрт оншилж, урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөн хүрээнд хийж чадвал манай улсын хувьд хүн амын дунд хамгийн өндөр байдаг дараах өвчлөлүүдийг бууруулж, дундаж наслалтыг 2025 он гэхэд 5 жилээр нэмэгдүүлэх боломжтой гэж ЭМЯ тооцжээ. Үүнд:

  • Зүрх судасны өвчин
  • Чихрийн шижингийн II хэв шинжийг 50%
  • Хорт хавдрын нас баралтыг 35-60% хүртэл бууруулах боломжтой байна.

Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ буюу Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа аж.

  • Анхан шатны тусламж үйлчилгээ олон улсад эрүүл мэндийн үйлчилгээний 80%-ийг хангадаг бол Монголд 50%-тай байна.
  • Анхан шатны тусламжийн зардалд ДНБ-ий 1%-ийг зарцуулах зөвлөмж өгдөг бол Монголд энэ үзүүлэлт 2 дахин бага.
  • ЭМД-аас 60%-ийг анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээнд олгодог бол Монголд 20%-ийг олгож байгаа үзүүлэлтүүд байна.

Тиймээс хувь хүнээс гарах зардлыг бууруулж, төсвийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулахаар ЭМЯ зорьж байгааг танилцууллаа.

График. Эрүүл мэндийн сайдын багцын төсвийн хөрөнгө оруулалт

Энэ хүрээнд 2022 оны төсвийн төсөлд:

  • ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн санхүүжилтийг 41.5%
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн санхүүжилтийг 50.5%
  • Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн төсвийг 29.4%-аар тус тус өсгөж тусгасан байна.

Мөн 2021 онд 16 эмнэлгийг барьж, ашиглалтад оруулна хэмээн тусгажээ.

Эрүүл мэндийн тухай шинэ хууль үйлчилснээр эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд коронавирусийн халдвартай хүмүүсийг бараг бүх эмнэлэг авч эмчилж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо. Тухайлбал, 2021 оны есдүгээр сарын байдлаар ЭМД-ын сангаас КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд 204 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсны 166.9 тэрбум нь хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ буюу эмнэлгүүдэд ногджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631781
0 эможи

keyboard_arrow_up