Иммуноглобулин уургийг энэ сард 0-11 насныханд тарина
Цэцэрлэг, сургууль хичээллэж буй энэ үед зорилтот бүлгийн хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж байгаа. Мөн ЭМЯ-наас 12-оос доош насны зарим хүүхдэд иммуноглобулин уургийг хийхээ мэдэгдээд буй.
“Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Үүний хүрээнд 2-11 насныхан болон жирэмсэн эхчүүд хамрагджээ. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насныхан хамгийн идэвхтэй хамрагдсан байна. Харин иммуноглобулин уургийг хэзээнээс хийж эхлэх нь одоогоор тодорхой товлогдоогүй. Ямартай ч аравдугаар сарын эхээр хийж эхлэх төлөвлөгөөтэй аж.
Томуугийн эсрэг вакциныг 10 хоногийн аяны хүрээнд сургууль, цэцэрлэгүүдээр явуулын баг очиж, хүүхдүүдэд тарьсан. Хэрэв цэцэрлэгт явдаггүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ хүүхдээ дагуулж очиж хийлгэх боломжтой.
Өнөөдрийн байдлаар иммуноглобулиний эхний ээлжийн үйлдвэрлэл амжилттай явагдаж 2000 тун бэлэн болоод байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Технологийн 45-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэл хийгдэж, түүнээс хойш 10 гаруй хоног шинжлүүлэх ажил үргэлжилж байгаа. Ойролцоогоор хоёр сард нэг удаа үйлдвэрлэлийн дахин татан авалт нийлүүлэгдэхээр төлөвлөсөн. НЭМҮТ-ээс бэлэн болсон уургийг ЭМЯ-руу шилжүүлсний дараа өрх эсвэл харьяа дүүргийн эмнэлгээр хийх эсэх нь тодорхой болно. Ямартай ч гуравдугаар улиралд багтааж зорилтот бүлгийн хүүхдийг дархлаажуулах үүргийн дагуу аравдугаар сард уургийг хийж эхлэх аж.