С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон
Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх цогц сургалтыг энэ сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргалтай ярилцлаа.
-Танай аймаг сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Коронавирусийн цар тахал дэгдээгүй байх үед бид сүрьеэгийн эрт илрүүлгийг зохион байгуулах, хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх тал дээр маш сайн анхаарч ажилладаг байсан. Одоо харин цар тахал гарснаас хойш хүний нөөц коронавирусийн цар тахлыг хумих ажилд томилогдож, сүрьеэгийн эрт илрүүлгийн ажил бага зэрэг цалгардах тал байна. Аймгийн хэмжээнд сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа иргэдийн тоо харьцангуй бага учраас бид илүү их эрэлттэй байгаа коронавирусийн цар тахалруу анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тэгэхдээ бид шаардлагатай хүмүүстээ сүрьеэгийн илрүүлэг шинжилгээ хийх ажлыг тасалдуулалгүй хийж байгаа.
-Аймгийн хэмжээнд жилд дунджаар хичнээн хүн сүрьеэгийн халдвар авч байна вэ? Ямар шинжилгээн дээр үндэслэн сүрьеэ өвчний халдвар авсныг тогтоодог вэ?
-Жилд дунджаар 100 орчим хүн шинээр халдвар авч, үүний 30-40 хувь нь эрт илрүүлгээр илэрч байсан.
Ер нь сүрьеэ өвчний шинжилгээг нян судлалын шинжилгээн дээр үндэслэн гаргадаг. Үүнээс гадна рентгений эмчтэй зөвлөлдөж, цээжний зургийг нь үндэслэн оношийг тавьдаг байгаа. Мөн тухайн халдвар авсан хүнтэй ойр төрлийн хүмүүсээс хавьтлын шинжилгээг авдаг. Нэг болон хоёрдугаар хавьтлын хичнээн хүн байна, тэр бүх хүмүүсээс шинжилгээг авч, өрхийн хяналт хийж байж бид цааш нь халдвар тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Манай аймгийн хувьд газар тариалан их хөгжсөн учраас шилжилт хөдөлгөөн ихтэй. Оршин суугаа хаяг дээрээ байхаас байхгүй нь бас ихтэй. Тэгэхээр үүнийгээ дагаад халдвар бас тархах өндөр эрсдэлтэй байдаг учир эрт илрүүлгийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх шаардлагатай байгаа.
-Танайд ДОХ, сүрьеэгийн эмчийн хүний нөөц хэр хангалттай байдаг вэ?
-Манай аймгийн хүн амын тоо өнгөрсөн онд 107 мянга гаруй болж нэмэгдсэн. Эдгээр хүмүүст гуравхан л энэ төрлийн эмч байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Тэгээд гурван эмчийн тухайд зөвхөн энэ төрлөөрөө дагнаж ажиллахгүй коронавирусийн цар тахлын өвчлөлийн үед нэмэлт хүч болон ажиллаж байна.
-Аймгийн удирдлагуудын зүгээс сүрьеэ өвчний эрт илрүүлгийн ажлыг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Уг нь энгийн үед биднийг их дэмжиж ажиллаж, сүрьеэ өвчний эрт илрүүлгийг жил бүр 2-3 удаа зохион байгуулдаг байсан. Халдварын тоо буурч, энгийн амьдралд шилжээд эхэлвэл бид энэ төрлийн үзлэгээ өмнөх шигээ хийгээд л явна. Манай аймгийн иргэдийн хувьд ч энэ төрлийн мэдлэг, мэдээлэл ихтэй болж, жишиг аймгаар тодорч байсан.
-Иргэдийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн их анхаарах ёстой зүйл нь юу вэ?
-Сүрьеэ өвчний халдварыг хэн ч хаанаас ч авч болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч эмнэл зүйн шинж тэмдэг илрэх нь ч бий, илрэхгүй байх нь ч бий. Тийм болохоор иргэд жилдээ дор хаяж нэг удаа эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үүнээс гадна сүрьеэ өвчтэй хүнтэй цуг байсан л бол цаг алдалгүй шинжилгээ өгч, хайртай гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай.
-Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ, ХӨСҮТ хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх цогц сургалт явуулж байна. Тус сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцаач.
-Аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн сургалтын хувьд Ковид-19 халдварын үед ДОХ, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсад төдийгүй манай улсад энэ талын тулгамдаж буй асуудлууд, сүрьеэгийн лабораторийн оношлогооны аргууд, сорьц тээвэрлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл солилцох чухал ач холбогдолтой болж байна.
Мөн энэ удаагийн сургалт маш их онцлогтой болж байна. Учир нь эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт тэр болгон хийгддэггүй. Ихэнхдээ орон нутгийн сүрьеэгийн эмч нарт сургалт хийгддэг байсан. Энэ удаа бол эмч, мэргэжилтнүүдийг хамтатган сургалт хийснээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж байна.
Глобаль сангаас бүх аймгуудыг рентген аппаратаар хангасан болохоор орон нутаг сүрьеэгийн илрүүлэг хийхэд асуудалгүй болж байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь эмч, мэргэжилтнүүдийн ажилд сэтгэл, хариуцлага их чухал.
Мөн сүрьеэг эрт илрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын уялдаа холбоотой ажиллах нь маш чухал юм.