Халдвар аваад эдгэрсэн хүүхэд 21 ХОНОГИЙН ДАРАА томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж болно
Өчигдрөөс томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Тэгвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдаж болох эсэх асуудал эцэг, эхчүүдэд эргэлзээ дагуулж байсан.
Тэгвэл энэ талаар НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхтуяа " Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдэд 21 хоногийн дараа томуугийн вакцин хийж болно" гэж мэдээллээ.
Өрхийн эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр, гурван настай хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцин тарихаар төлөвлөсөн. Хүний бөөгнөрлөөс сэргийлж, 4-11 насныхан буюу сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг тухайн орчинд нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болсон. Тийм учраас эхний ээлжинд эцэг эхээс зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулах юм байна. Гарын үсэг цуглаж, тодорхой төлөвлөгөө гарсны дараа явуулын баг ажиллаж эхлэх юм..
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХЫН ТУЛД:
- Вакцинд хамрагдах иргэн эмчийн үзлэгт хамрагдсан байх
- Бусад төрлийн вакцин хийлгэсэн бол 21 хоногийн зайтай тариулах
- Жирэмсэн эмэгтэйчүүд 14-36 долоо хоногт хамрагдах
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд вакциныг тарихдаа эцэг эхийн зөвшөөрсөн гарын үсгийг шаардах
- Бага насны хүүхдүүд сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон бусад вакцинд хамрагдаагүй байх шаардлагатай.