Б.Даваажав: Халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийснээр иргэдийн амьдралын чанар эрс дээрдсэн

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд шинээр 3677 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 243,719 болсон. Тэгвэл Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь халдварын дараах сэргээн засах үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд бид энэ талаар тус эмнэлгийн Сэргээн засах тасгийн их эмч Б.Даваажавтай ярилцаж, мэдээлэл авлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээг эмнэлэгтээ нэвтрүүлсэн байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Сайн байна уу. Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг нөмрөөд бараг хоёр жил болох гэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гэхэд л 240 гаруй мянган хүн энэ өвчний халдварыг аваад байна. Тэгэхээр манай эмнэлгийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг өнгөрсөн долоон сараас эхлүүлэн нэвтрүүлээд одоогийн байдлаар 100 орчим өвчтөнийг эмчилгээндээ хамруулаад байна.

Халдвар авсан дийлэнх иргэдэд ядрах, амьсгал давчдах, толгой өвдөх, сэтгэл түгшүүртэй байх, зэрэг эмгэг хам шинжүүд  дөрвөн долоо хоногоос цаашлаад зургаан сар хүртэл хугацаанд үргэлжлэх хандлагатай байна.

Тэгэхээр бид энэ удаан хугацаанд үргэлжилж  байгаа ковидын дараах хам шинжийг бууруулах зорилгоор сэргээн засах эмчилгээг хийж байна.

Манай эмнэлэгт ковидын халдварын дараа ирж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь дан ганц амьсгалын шинж тэмдгүүдээс гадна  мэдрэл, зүрх, үе мөчний талаас зовиурууд өгч байгаа нь харагдаж байгаа.  

-Өвчтөнүүдийг хэрхэн сонгож, ямар эмчилгээг хийж байна вэ?

-Бид амбулаториор болон эмнэлгийн улаан бүсэд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг халдварын дараах сэргээн засах эмчилгээнд хамруулж байна. Эмчилгээнд хамрагдсан хүмүүстээ тандалтын судалгаа хийхэд 18-21 хувьд ачаалал даах чадвар буурсан байсан. Харин амбулаториор үйлчилгээ авсан иргэдийн дийлэнх нь ковидын дараах шинж тэмдэг багатай байсан.

Манай эмнэлэг нь ДЭМБ-ийн Европын салбар зөвлөлөөс гаргасан ковидын халдварын дараах хувь хүний сэргээн засах эмчилгээний удирдамжийг барьж эмчилгээ үйлчилгээгээ явуулж байгаа.  

Манай дээр хийгдэж байгаа халдварын дараах сэргээн засах эмчилгээнд хамрагдахыг хүсвэл та  амбулаторт ирж үзүүлэн, сорил хийлгээд хөтөлбөрт хамрагдаж боломжтой.  

-Халдварын дараах сэргээн засах эмчилгээний эерэг үр дүнг танилцуулбал.

- Сэргээн засах эмчилгээний үр дүн удаан хугацаанд гардаг учраас одоогоор танилцуулахад эрт байна. Гэхдээ хөнгөн зэргээр өвчилсөн хүмүүс маань хэвийн амьдралын хэмнэлдээ орж байна. Харин хүнд болон хүндэвтэр зэргээр өвчилсөн хүмүүст илрэх шинж тэмдэгүүд нь багасаж, ачаалал даах чадвар сайжирч байна.

Мөн халдвар авсаны дараа хүмүүс стресст орж сэтгэл гутрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа бөгөөд хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдсанаар иргэдийн сэтгэл санаа нь ч тогтворжиж, амьдралын чанар нь дээшилж байна.

Бидний зүгээс өвчтөнүүдийг ачаалал авсны дараах шинж тэмдгийн сэдрэлд оруулахгүйгээр тухайн өвчтөнд зориулагдсан дасгал хөдөлгөөнийг хийлгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Хичээл сургууль эхэлсэн эдгээр өдрүүдэд халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Энэ өвчний талаар хийгдсэн судалгааны ажлуудтай танилцахад халдвар авсан иргэдэд ядарч сульдах байдал хамгийн их илэрч байна цаашлаад энэ нь хэдэн сараар үргэлжилж байна гэж байсан. Тэгэхээр халдвар авсан хүүхдүүдэд ядрах мэдрэмж нь арилахгүй байх нь.

Тиймээс эцэг эхчүүд намрын цагт хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, өдөрт унтуулж амраах, аль болох ачаалуулахгүй байх тал дээр нь анхаарах хэрэгтэй.

Багш нарт ч гэсэн энэ талаар зөвөөр ойлгуулж, ярилцах хэрэгтэй.  

-Улирал солигдох мөчид хүмүүсийн дархлаа их унадаг. Тэгвэл намрын өдрүүдэд иргэд дархлаагаа хоол хүнс, хөдөлгөөнөөс гадна юугаар дэмжих хэрэгтэй вэ?

-Намрын цагт халдвар авсан гэлтгүй бүх иргэд халуун хоол цай идэх, байгалийн жимсээр дархлаагаа дэмжих, агаар салхинд гарах, алхах, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.

-Иргэд гэрийн нөхцөлд ямар дасгал хөдөлгөөнийг хийвэл зохистой вэ?  

-Бидний хувьд эмнэлэг дээр хийлгэх дасгал хөдөлгөөнийг гарын авлага болгон хэвлүүлж, үйлчилгээ авч буй иргэдэд тараах материал хэлбэрээр өгч байгаа. Энэ нь та гэртээ ч гэсэн дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хийгээрэй гэсэн утгатай. Тэгэхдээ гэртээ өөрт илүү хялбар, энгийн дасгалыг хийх хэрэгтэй.

Хамгийн энгийн арга бол долоо хоногийн 4 өдөр, өдөрт 30 минутын турш алхаж байх хэрэгтэй. Мөн коронавирус нь уушгийг маш их гэмтээдэг тул уушгины үйл ажиллагааг сэргээхийн тулд амьсгалын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй.

Харин хөдөлгөөн засалчийн хяналтан доор дасгал хийж байгаа тохиолдолд тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан дасгалын арга, техник нь өөр болно.

-Өвдсөн өвчтөнүүд ойролцоогоор хэдэн хоногийн дараа эдгэрч, хэвийн амьдралдаа орох вэ?

- Одоогийн байдлаар хэдий хугацаанд эдгэж байгааг судалсан дотооддоо хийсэн судалгаа байхгүй байна. Харин гадаадад хийсэн судалгаануудаас харахад ковидын дараах үлдэц нийт өвчилсөн хүмүүсийн 50 орчим хувьд нь зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилж байна гэсэн байна.

Короновирусын халдвар нь амьсгал зүрх судасны замыг хамгийн ихээр гэмтээдэг. Иймээс амьсгал зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Ингэснээр эргээд хэвийн амьдралдаа хурдан хугацаанд орох боломжтой байдаг тулд сэргээн засах эмчилгээнд хамрагдах нь илүү үр дүнтэйг ард иргэд ойлгох хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630784
4 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up