Г.Одгэрэл: СҮРЬЕЭ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол “ДАРХЛААГАА САЙН ДЭМЖИХ“

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын үндэсний төвийн олон эмийн дасалтай сүрьеэ хариуцсан клиник эм зүйч Г.Одгэрэлтэй ярилцлаа.

-Юуны түрүүнд сүрьеэ өвчин үүсэх гол  шалтгаан нь юу байдаг вэ?

-Сүрьеэ нь сүрьеэгийн микробактериар үүсгэгддэг. Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй байдаг.

Сүрьеэ үүсэх маш олон  төрлийн шалтгаан  байгаа. Нийгэм цаг үеийн байдал,  эсвэл хүмүүсийн дархлаанаас болно. Хэрэв хүний дархлалын тогтолцоо сул бол нянгийн өсөлтийг зогсоож чадахгүй. Зарим хүмүүс халдвар авсны дараа удалгүй өвчилдөг бол зарим хүмүүс тодорхой хугацааны дараа ямар нэгэн шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл нь сулрахад өвчилж эхэлдэг. Биеийн эсэргүүцэл сулрахад унтаа байдалд байсан нянгууд идэвхжиж үржсэнээр эд эрхтнүүдийг гэмтээж эхэлнэ. Энэ байдлыг сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлнэ. Амьсгалж буй агаартай хамт хүний уушгинд орсон нян тэндээ өсч үржиж уушгийг гэмтээж эхлэх ба үүнийг уушгины сүрьеэ гэдэг. Цус тунгалгийн шингэнээр дамжин биеийн бусад эд эрхтнүүдийг гэмтээж буй тохиолдлыг сүрьеэгийн уушгины бус хэлбэр гэнэ.

Бүхий л насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй бөгөөд халдвар авсан нэг хүнтэй ойр байгаа гэр бүлийнхэн,  ажлын газрынхан,  хамт байгаа хүмүүс нь бүгд халдвар авах өндөр эрсдэлтэй.

-Ер нь сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, өвчин хүндэрсэн тохиолдолд бусад эрхтэнд тархах байдал хэр байдаг вэ?

-Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйл бол иргэд дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй.

Хоол унд дутмаг байх, сэтгэл санааны хямралд орох, ядрах, халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх зэрэг нь биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болж, уг өвчнөөр өвчлөх эхлэл болдог. Ялангуяа Хүний Дархлал Хомсдлын Вирус нь бие махбодын дархлалын тогтолцоог гэмтээж аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгодог. Мөн бага насны хүүхдүүдийн дархлалын тогтолцоо ихэвчлэн сул байдаг нь аливаа өвчинд өртөмтгий болгодог.

"Сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэснээр сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой"

-Сүрьеэ өвчнийг эмчлэхгүй удахаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин үүсдэг. Гэтэл иргэд энэ талаарх сайн мэдлэггүйгээс болоод эмээ уухгүй байх, шантрах тохиолдол үүсч, бүр олон эм уух шаардлагатай болдог гэсэн. Энэ талаар.

-Тэр үнэн.

Хэрэв сүрьеэгээр өвчилсөн нь батлагдвал сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу тасралтгүй зөв горимоор нь хийлгэсэн тохиолдолд сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. 

Сүрьеэгийн эсрэг эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан ууж хэрэглэдэг. Учир нь зарим эм нь нянг устгах үйлчилгээтэй байдаг бол зарим нь нян эмэнд дасалтай болохоос сэргийлж, нөгөө хэсэг нь ариутгах үйлчилгээ үзүүлдэг.

Гэхдээ эдгээр эмүүдийг өөр өвчний болон сүрьеэгийн эсрэг эмчилгээнд тохирсон бус тунгаар, эмчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэх нь эмийн дасалтай нянг үүсгэх, сүрьеэ өвчнийг эмчлэх боломжоо бүрэн алдах аюултай.

Сүрьеэ өвчний эсрэг эмчилгээг эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор 6-8 сар хийлгэдэг. Тухайн өвчтөний биеийн жингээс хамаарч эмийн тунг хүртэл тохируулдаг. Харин эмээ цагтаа тогтмол уугаагүй тохиолдолд олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин үүсэх эрсдэлтэй. Эхний удаад 4-5 эм уудаг байсан хүн дор хаяж 8-12 ширхэг эмийг уудаг болно. Эмчилгээний хугацааны хувьд ч нэмэгдээд л ирнэ. Тийм учраас анхнаас нь зөв, системтэй эмчилгээг хийлгэж эдгэх хэрэгтэй.

Бид өдөр тутамдаа 1-2 эмийг л тогтмол цагт ууж хэвшихгүй байдаг шүү дээ. Гэтэл эдгээр хүмүүс 10 гаруй эмийг уухаар шантрах үе бишгүй л тохиолдоно. Үүнээс гадна дотор муухай оргих, толгой эргэх нь наад захын илрэх шинж тэмдэг. Мөн ходоод өвдөх, элэгний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Энэ мэт эмийн гаж нөлөө үүссэн тохиолдолд  бид эмчилгээгээ үргэлжлүүлэх, зогсоох эсвэл солих арга хэмжээнүүдийг авдаг.

Мөн энэ чиглэлээр Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын баг ажиллаж байна. 

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүст гэрээр нь очиж өдөр болгон эм уулгаж, хянах чиглэлээр ЯВУУЛЫН БАГ ажиллаж байна

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдэд гэрээр нь эм уулгах явуулын багийг ажиллаж байна гэлээ. Энэ нь өвчтөнүүдийг гэрээр нь хянаж байгаа гэсэн үг үү?

-Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас хэвтэрт байгаа, эмнэлэгт очиж эмээ уух боломжгүй сүрьеэгээр өвдсөн зорилтот бүлгийн хүмүүсийн гэрт нь очиж эмийг нь уулгах, эмчилгээнд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ нь маш олон давуу талтай. Яагаад гэвэл, эмэнд тэсвэртэй сүрьеэ манайд 2006 оноос хойш оношлогдоод, эмчлэгдэж эхэлсэн. Сүрьеэ өвчин нь шинж тэмдэг адилхан боловч оношилгооны хувьд хоёр янз байгаа. Эмэнд мэдрэг сүрьеэ, эмэнд тэсвэртэй сүрьеэ.

Эмэнд мэдрэг сүрьеэ гэдэг нь эмчийн хяналтаас хамааран 6-8 сарын хугацаанд өдөр болгон тогтмол эм уугаад эмчилж эдгэрэх юм. Нэг ёсондоо, хамгийн анхны хөнгөн хэлбэр гэсэн үг.

Харин эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь хамгийн анхны хөнгөн хэлбэрийн эмчилгээ нь үр дүнгүй болдог эсвэл хүндэрдэг цаашлаад сүрьеэгийн үндсэн эмчилгээнд хэрэглэдэг эмүүд тухайн хүнд үйлчлэхээ болиод эхлэхийг хэлж байгаа юм. Эсвэл тухайн хүн анхдагчаар эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байж болно.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний үргэлжлэх хугацаа багадаа 9 сар, дээд талын хугацаа 24 сар байдаг. Өдөр болгон эм уух шардлагатай. Нэг уухдаа тухайн хүнийхээ биеийн жиндээ тааруулаад 12–18 ширхэг хүртэл эм уух шаардлага гардаг. Тиймээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хувьд олон эм зэрэг уухаар хордлого өгөх тохиолдол гардаг. Энэ үед зарим хүмүүс эмчилгээнээсээ халширч, зарим нь тамирдаад ирж чадахгүй, зарим нь хэвтрийн байна, амьжиргааны боломж бололцоо муу зэрэг янз бүрийн шалтгаанаар эмнэлэгт ирж эмээ өдөр болгон ууж чаддаггүй. Тиймээс Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас явуулын баг ажиллуулж, эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүст гэрээр нь очиж өдөр болгон эм уулгаж ,хянах ажлыг хийж байна. 

-Сүрьеэ өвчнийг эмчлүүлсний дараа өвчтөн гэр орондоо дэглэм сахих уу.

-Ер нь сүрьеэ өвчин оношлогдсон тохиолдолд ихэвчлэн эмнэлэгт хэвтүүлээд халдваргүй болсон тохиолдолд эмнэлгээс гаргадаг. Тухайн хүн хамгийн эхлээд амьдралын зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй. Сайн унтаж, амарч, шим тэжээлтэй хоол унд идэх хэрэгтэй. Үүнээс гадна сэтгэл зүйгээ тогтвортой байлгах нь хамгийн чухал. Нэгэнт л халдварлахгүй болсон тул гэр бүлийнхэн нь ч гэсэн сэтгэл санаагаар нь сайн дэмжих нь нэг талаасаа маш сайн эмчилгээ болдог.  

"Сүрьеэгийн эмээ цагтаа тогтмол уугаагүй тохиолдолд олон эмэнд дасалтай сүрьеэ өвчин үүсэх эрсдэлтэй"

Arslan.mn

-Сүрьеэ өвчний эмчилгээг тогтмол хийлгэсэн хүн хэдэн сарын дотор бүрэн эдгэрэх вэ?  

-Ер нь тухайн хүний биеийн байдлаас шалтгаалаад эмэнд тэсвэртэй, тэсвэргүйгээс шалтгаалаад  6-24 сарын дотор эмчлэгдэнэ. Сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэж буй зарим хүмүүс эмийн үйлдлийн эхний нөлөөнд хууртаж зовиур шаналгаа арилмагц эдгэрлээ гэж бодон эмчилгээгээ зогсоодог. Энэ нь сүрьеэгийн нянгуудыг бүрэн устгаж чадалгүй харин ч эмэнд дасалтай болгож амь насанд аюул учруулдаг.

-Сүүлийн хоёр жил коронавирусийн халдвар дэлхий нийтийг нөмрөөд байна. Сүрьеэ, коронавирус хоёрын ижил болон ялгаатай тал.

-Энэ хоёр өвчний ижил тал нь халдвар хүнээс хүнд амьсгалын замаар тарна. Ялгаатай тал нь гэвэл коронавирусийн халдварыг өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр судалсаар л байна шүү дээ. Харин сүрьеэ өвчнийг бол маш эрт судлаад эмчилгээ нь тодорхой болчихсон.  

-Жирэмсэн эх сүрьеэ тусвал урагт нөлөөлөх үү?

-Сүрьеэгийн эмэн эмчилгээг хийлгэх үед жирэмслэхийг төлөвлөхгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн төлөвлөлтийг маш сайн хийх хэрэгтэй. Тийм учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтанд эрт ороорой, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол заавал сүрьеэгийн сорилыг тавиулаарай гэж зөвлөмөөр байна.

-Ярилцлсанд баярлалаа.                                                                                                                                      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630509
12 эможи

hair
2021-09-04 19:51
mundag duudee amjilt husiye
Zochin
2021-09-03 16:26
Сүрьеэ өвчинөөр өвдөөд групт ордог гэж сонссон. Гэхдээ ажил хийдэггүй НД төлдөггүй хүн оношлогдоод шууд групт ордог сайн дураараа төлдөг хүммүс оношлогдоод 90 хонож байж групт ордог,ажил хийгээд НД төлдөг хүмүүс нь 180 хоног хүлээж байж групт гардаг гээд байхийн ялгаа нь юундаа бнаа тайлбарлаж өгөөч миний ухаан хүрдэггүй ее
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up