Халдвараар хүндэрч, нас барж байгаа иргэдийн 86.5 хувь вакцинд хамрагдаагүй байна
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Баттөр “Сүүлийн өдрүүдэд орон нутгийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлийн 24 цагт нийт халдварын 30 хувь нь нийслэлд, орон нутагт 70 хувь нь илэрсэн.
Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Дархан зэрэг аймагт сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтвортой нэмэгдэж байна. Баян-Өлгий аймаг саяхныг хүртэл тохиолдлын тоо багатай байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, аялал жуулчлалын бүс учир нийслэлээс зөөвөрлөгдсөн тохиолдол их гарч байж болзошгүй гэж таамаглаж байна.
Бид дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед халдварын тохиолдол 300 илэрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 398 бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд халдварын тохиолдол буурч байгаагийн илрэл юм.
Түүнчлэн 12-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол буурсан. Энэ нь вакцинжуулалтын нөлөөтэй холбоотой гэж үзэж байгаа. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдол мөн буурсан. Гэхдээ үүнийг шууд вакцинтай холбох боломжгүй. Учир нь нийт 4000 орчим жирэмсэн эмэгтэй л Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагдсан.
Мөн нас баралтын хөдөлгөөнт дундаж буурсан. Гэхдээ орон нутагт халдварын улмаас нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Тодруулбал, өдөрт бүртгэгдэж буй нас баралтын 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна.
Мөн халдварын хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн 86.5 хувь нь вакцин хийлгээгүй хүмүүс байна” гэлээ.