COVID-19: Халдвар орон нутагт нийслэлээс хоёр дахин нэмэгдлээ
Цар тахлын халдвараас сэргийлж манай улс үндэсний их баяр наадмаа өнжсөн. Гэвч наадмын олон хоногийн амралтаар нийслэлчүүд аялахаар явж хот эзэнгүй үлддэг уламжлал онцгой дэглэмийн үед ч давтагдлаа. Халдварын тархалт, нас баралт ч буурсангүй. Зөвхөн наадмын найм хоногт 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан юм.
Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойшхи хугацаанд тархалтын голомт нь нийслэл байсан. Орон нутагт халдварын тохиолдол цөөн, одоо хүртэл ногоон бүсийн сумд бий. Гэтэл Монголчуудын амарч зугаалсан арав хоногийн дараагаас COVID-19 цар тахлын давлагаа орон нутгийг “ониллоо”. Өөрөөр хэлбэл, орон нутагт нийслэлээс хоёр дахин их халдвар бүртгэгдэх болов.
Тухайлбал, энэ сарын энэ сарын 24-нд нийслэлд 537, орон нутагт 905, маргааш нь хотод 501 хөдөөд 1012 тохиолдол бүртгэгдэв. Мөн өчигдөр гэхэд нийслэлд 357, орон нутагт 758 шинээр бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн ес хоногт халдвар нийслэлд 4667, орон нутагт 7151 нэмэгджээ.
Үүнээс харвал үндэсний их баяр наадмаа өнжөөд байхад л халдварын тархалт ингэж огцом нэмэгдэж байгаа хойно ирэх сард дахиад наадамлана гэвэл бүр утгаа алдах нь тодорхой боллоо. Тиймээс баяр наадмаа нэгэнт л хугацаанд нь хийгээгүйгээс хойш төр засаг нь өнжих шийдвэртээ үнэнч байж дараагийн наадмаар уулзах нь зүйтэй. Харин үүний оронд халдвар хамгаалал, наадам цэнгэлээ түр хойш тавьж, хоёр жил гаруй хичээл завсардаад байгаа хүүхдүүдийнхээ боловсролд анхаарвал дээр бус уу. Цар тахлын давлагааны дараагийн хувилбар дельта хувилбар бүртгэгдээд хэд хонолоо. Тархалт цаашид хэрхэхийг ч таах аргагүй болж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин