Ц.БАТЗАЯА: УГТЭ-ийн “Зүрхний шигдээс, тархины харвалтын тасаг“ нь дэлхийн түвшний тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна
Монголчуудын хувьд зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх, энэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоо маш их байдаг. Гэвч 2013 оныг хүртэл энэ төрлөөр дагнаж үйл ажиллагаагаа эрхэлдэг эмнэлэг байгаагүй бөгөөд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь ДЭМБ-ын төслийн санхүүжилтээр Зүрхний шигдээс, тархины харвалтын тасгийг байгуулжээ. Ингээд тус тасгийн үйл ажиллагааг товчхон танилцуулж байна.
УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч АУ-ны магистр, Ц.Батзаяа:
Манай тасаг нь 2013 онд ДЭМБ-ын төслийн санхүүжилтээр "Зүрхний шигдээс, тархины харвалтын тасаг" нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Тухайн үед Монгол Улсад дагнасан зүрхний шигдээсийн төв байгаагүй бөгөөд тасаг таван эмчтэй, найман сувилагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр үйл ажиллагаа маань өргөжин зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг илүү өргөн цар хүрээнд үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. УГТЭ-ийн хувьд Франц, БНСУ, Тайвань улсын эмнэлгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд энэ ажиллагааны хүрээнд манай тасгийн эмч нар дээрх улсуудад төрөлжсөн нарийн мэргэжлээрээ урт болон богино хугацааны сургалтанд хамрагдсан. Залуу үеийн эмч нараа ч мөн бэлтгэж байна.
Жил ирэх тусам өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа тул бид судсан дотуурх оношилгоо эмчилгээний чадамж, эмийн эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, судалгааны ажлыг эмнэлгийн хэмжээнд болон Монгол Улсын хэмжээнд хийх, гадны эмнэлгүүдрүү илтгэлээ танилцуулах ажлыг хийж байна.
Манай тасгийн хувьд шинээр байгуулагдсан залуу тасаг учраас бидний зүгээс гаргаж байгаа илтгэл, дата мэдээлэл нь Монгол Улсын хувьд анхны дата мэдээлэл болж байгаа. Тиймээс бид үүн дээр ач холбогдол өгч, мэдээллүүддээ нэгтгэж, датагаа өргөтгөж, судалгааны чиглэл дээр цаашид анхаарах ёстой зүйлээ харж ажиллаж байна. Ер нь ажиллах боловсон хүчнүүд маань 35-аас доош насны залуучууд байна. Гэсэн хэдий ч бидэнд хангалттай тэмүүлэл бий. Бүгд өөр өөрийн гэсэн нарийн мэргэшсэн чиглэлүүдээр мэргэжил эзэмшиж, энэ чиглэлдээ бүгд идэвхтэй явдаг.
Зүрхний шигдээс өвчин нь гэнэтийн нас баралт маш өндөртэй, гэр орондоо нас барах, яаралтай журмаар эмч нар авчраад хүлээн авах дээр нас барах тохиолдол их байдаг учраас бид хамгийн түрүүнд үзэж, шигдээс болсон хугацаа богино байвал судсан дотуурх мэс заслыг хийж, цусны урсгалыг сэргээж, амь насыг нь авардаг. Бид яг одоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээг үзүүлэхийг хичээж оношилгоо, эмийн эмчилгээ, судсан дотуурх мэс засалд түлхүү анхаарч ажиллаж байна.
Зүрхний шигдээсийн тасаг жилдээ 2000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна
УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч О.Бадамсүрэн:
Зүрхний шигдээсийн тасаг жилдээ 2000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 800–1000 орчим нь яаралтай тусламжийн тасгаар хүрэлцэн ирж хэвтдэг бол 1000–1200 орчим хүн нь хүлээн авах эсвэл амбулаторын тасгаар ирж үйлчлүүлдэг. Бид шигдээсийн тасагт эмчлүүлээд гарч байгаа хүмүүсээ үргэлжлүүлэн нэг сар, гурван сар, хагас жил, нэг жилийн дараа дахин хянадаг. Амбулаториор гурав дахь, дөрөв дэх, тав дахь өдрүүдэд үйлчилгээ үзүүлж, өвчтөнүүдээ авдаг. Шигдээсийн тасагт ирсэн хүмүүс зүрхний дутагдал болон хэм алдагдлаар хүндэрсэн бол эмч давхар хянадаг. Шигдээсийн дараах нөхөн сэргээх эмчилгээ гэж байгаа. Энд нь хөдөлгөөн засах эмчилгээнүүд ордог. Манай эмнэлэг дээр хөдөлгөөн засах эмч нар тусдаа байдаг.
Улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа учраас 21 аймаг болон есөн дүүргийн зүрх судасны эмч нартай нягт уялдаа холбоотой ажиллаж байна
УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Е.Досжан:
Зүрх судасны эмгэгийн дотор зүрхний судасны шалтгаант эмгэг нь түгээмэл тохиолддог. УГТЭ нь харвалт, зүрхний шигдээсийн лавлагаа, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Зүрхний судасны шалтгаант эмгэгүүд яаралтай болон төлөвлөгөөт журмаар 24 цагийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүний хүрээнд эмийн эмчилгээ, судас доторх эмчилгээ болон нээлттэй мэс заслын эмчилгээг яаралтай шийдэж, эмчилгээг хийж байна. Үүний хүрээнд, УГТЭ-ийн амбулаторт шигдээсийн хяналтын кабинетыг тогтмол ажиллуулж байна. Зүрхний шигдээс болж эмчлүүлж гарснаас хойш нэг сарын дараа холбогдох шинжилгээ буюу цусны шинжилгээгээр өөх тосны солилцоогоо үзүүлэх, цус бүлэгнэлтийн шинжилгээгээ үзүүлэх, зүрхний бичлэг болон зүрхний ЭХО-г хийлгэснээрээ давтан хяналтад хамрагдах боломжтой болдог. Ингэснээр цааш цаашдын эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах боломжтой болно. Улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа учраас 21 аймаг болон есөн дүүргийн зүрх судасны эмч нартай нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Үүний хүрээнд тусламж, үйлчилгээгээ сайжруулах, ахиц гаргах, хамтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
Зүрхний шигдээсийн эдгэрлийн хугацаанд өвчтөн дэглэмүүдийг маш сайн баримтлах ёстой
УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Г.Мөнхтулга:
2019 оноос хойш зүрх судлал, зүрхний хэт авиан оношилгоогоор сураад, одоо зүрхний судас дотуурх оношилгоо, эмчилгээгээр суралцангаа ажиллаж байгаа. Зүрхийг цусаар хангаж байдаг титэм судас гээд гурван судас байдаг. Энэ гурван судсанд нь хүнд зэргийн нарийсал эсвэл бөглөрөл үүссэнтэйгээр холбоотойгоор зүрхэнд цусан хангамжийн дутагдал үүсэж, зүрхний булчинд үхжилт үүсэж байгаа, амь насанд аюултай өвчнийг зүрхний шигдээс гэж нэрлэдэг. Зүрхний шигдээсээр өвдөөд эмнэлгээс гарч байгаа хүмүүсийн зүрхний булчинд үхжилт үүссэн байгаа. Тэгэхээр тухайн үхжилт тодорхой хугацаанд эдгэрч, үхэжсэн голомт маань сорвиор солигдож, эдгэрлийн процесс явагддаг. Энэ нь тухайн хүний биеийн байдлаас хамаараад 3 – 6 сарын хугацаанд буюу удаан үргэлжилдэг процесс. Зүрхний шигдээсийн эдгэрлийн хугацаанд өвчтөн дэглэмүүдийг маш сайн баримтлах ёстой.
Эхний 7 – 14 хоногт өндөр эрчимтэй хөдөлгөөн хийхийг хориглодог, ачаалал авахыг хориглодог,мөн аль болох зүрхээ дэлсүүлэхгүй байх, стрессдэхгүй байх, ямар нэгэн юманд уурлаж, уцаарлахгүй байхаас гадна артерийн даралтаа маш сайн хяналттай байлгах, даралтаа аль болох бага түвшинд байлгах хэрэгтэй.
Чихрийн шижинтэй хүмүүс бол цусны сахрын түвшинг ихэсгэхгүйгээр цусны сахараа бага байлгах, цусны сахараа буулгах эмчилгээ байнга, тогтмол хийлгэж байх шаардлагатай. Дээрээс нь таван кг-аас дээш хүнд юм өргөх хориотой. Нэг дор их юм идэх хориотой. Аль болох шингэц сайтай зүйлс идэж, зүрхний шигдээсийн эдгэрлийн процессийг дэмжиж байх шаардлагатай. Мөн зүрхний шигдээсийн дараах эмч нарынхаа хяналтад тогтмол явах шаардлагатай. Мөн зүрхний шигдээсийн эхний, ялангуяа 1 – 2 сарын дотор онгоцоор нисэх нь зүрхэнд их өндөр ачаалалөгдөг учраас, энэ үед мөн аль болох хориглохыг, зайлшгүй шаардлагаар биш бол хориглохыг хичээх хэрэгтэй.
Жилд судсан дотуурхи оношлогоо эмчилгээний 2000 орчим ажилбар хийгддэг
УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Л.Бямбацогт:
Зүрхний шигдээсийн үеийн эмчилгээний хувьд эмийн эмчилгээ болон судсан дотуурхи оношлогоо эмчилгээний ажилбар мөн нээлттэй мэс заслыг ерөнхийдөө түлхүү хийдэг. Судсан дотуурхи оношлогоо эмчилгээний ажилбарын хувьд жилд дунджаар 2000 орчим ажилбар хийгддэг бол тэдгээрийн 1000 орчим нь оношилгоо үлдсэн 1000 орчим нь титэм судсан дотуурх эмчилгээ буюу стенд тавих мэс засал хийгддэг. Манай эмнэлэгийн хувьд хоёр мэс заслын хэсэгтэй бөгөөд Амеркийн Phillips брэндийн аллура болон азурёон гэсэн бифлайн аппратан дээр тусламж үйлчилгээгээ явуулдаг. Гадны орнуудад титэм судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ маш эрчимтэй хөгжиж байгаа. Монгол Улсад ч гэсэн энэ төрлийн оношлогоо, эмчилгээ өндөр хөгжилтэй оронд хийгдэж байгаа мэс засалтай дүйцэхүйц хэмжээнийгээр хийгдэж байгаа. Одоо бид судсан дотуурхи оношлогоо, эмчилгээг хийх явцдаа тавигдсан стенд нь судасны ханандаа бүрэн суусан эсэх, стендын размер нь тохирч байгаа эсэх, доторхи судасны бүтцийг нь харах боломжтой судсан дотуурхи эхо болон компютерийн шинжилгээг хийх бэлтгэл ажил явагдаж байна.
ВИДЕО: