ЭМЯ: Улаанбаатарт халдварын ТАРХАЛТЫН ЭРЧ СААРЧ байна
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байна. Одоогийн байдлаар 16 хувьтай байна. Хамгийн дээд хэмжээ нь 30 хувьдаа хүрч байсан. Цаашид халдварын нөхцөл хэрхэн талаар иргэд асууж байна. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна. Ялангуяа Улаанбаатар хот хөдөлгөөнд дундаж болон шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байна. Өөрөөр хэлбэл нийслэлд тархалт саарч байна.
Гэхдээ халдварын дараагийн давлагаа үргэлжлэх эрсдэл хэвээр байна. Сүүлийн үед SARS- COV-2 вирусийн халдварлах чадвар өндөр, вакцины үр нөлөөг тодорхой хэмжээгээр бууруулж буй хувилбарыг дэлхий нийтээр ярьж байна. Манай улсад ч мөн энэ эрсдэл байгаа юм.
Коронавирусийн халдвар нь хүн амын хөл хөдөлгөөний нөхцөл байдалтай шууд хамааралтай байдаг. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд наймдугаар сарын дунд үед сургууль, цэцэрлэг, намрын бэлтгэл ажилтай холбоотой хөл хөдөлгөөн ихэсдэг. Иймд энэ үеэр халдвар ихсэх эрсдэл хэвээр байгаа юм.