ЭМЯ: Covid-19 халдварын тархалт буурах хандлагатай байна
Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.07.17/ мэдээлэл хийлээ.
Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “Covid-19 халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад аймаг орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн байна.
Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан байна” гэлээ.
Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.