УНТЭ: Ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, ажилчдад ТӨРИЙН ДЭЭД одон, медаль гардууллаа
Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг УНТЭ-ын Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал нээж хэлсэн үгэндээ “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр манай эмнэлгийн эмч, ажилчид хийсэн ажлаа төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнагдаж байна.
2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар манай эмнэлэг санхүүгийн хувьд ашигтай ажиллаж он дамжиж ирсэн өрөө бүрэн төлж барагдуулсан. Тиймээс цар тахлын эсрэг зогсолтгүй тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Бид он дуустал эмнэлгийнхээ борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах бөгөөд оны эцэст болон 2022 оны эхний хагаст гэхэд эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалин, урамшууллыг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Хэцүүд шантралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж цаг үргэлж зүтгэж байгаа хамт олондоо баярлалаа” хэмээлээ.
Энэ үеэр хөдөлмөр, зүтгэлээрээ бусдыгаа манлайлан ажилласан 41 эмч, эмнэлгийн ажилчидыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
• Бөөрний төвийн дарга, их эмч Д.Чулуунцэцэг
• Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Б.Төмөрчөдөр
• Ерөнхий мэс заслын тасгийн ахмад ажилтан Б.Оюун
• Нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч П.Алимаа
• Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн зөвлөх эмч Б.Баттулга
• Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан
• Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн
АЛТАНГАДАС ОДОНГООР
• УАТ-ын ахмад ажилтан С.Лхагважав
• Амбулаторын тасгийн ахмад ажилтан Н.Цэцэгпагам
• Амбулаторын тасгийн ахмад ажилтан С.Должин
• Эмнэлзүйн албаны ЭМД-ын нэгжийн бага эмч Г.Энхаа
• Гастроэнтерологийн төвийн ахлах сувилагч З.Жүгдэр тэргүүтэй 21 эмч, эмнэлгийн ажилтанд олголоо.
Үүнээс гадна Хөдөлмөрийн хүндэт медалиар есөн хүн, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр гурван ажилтан, ЭМЯ-ны жуух бичгээр нэг ажилтан тус тус шагнуулсан юм.