Эмч ажилчидын цалинг хоёр дахин нэмж, ковидоор өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь олгоно
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зуржээ. Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдлээ.
Мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв.
Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө.
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үед танилцууллаа.