Т.Бэгзсүрэн: Яаралтай хөл хорихгүй бол эмнэлгийн ачаалал ДОЛООДУГААР САРД оргилдоо хүрч, нас баралт ихэснэ
ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй.
Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэх болно. Тийм учраас эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, арай цөөн нас баралттай байхын тулд хөл хорих хэрэгтэй. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.
Бид хөл хорихгүй явбал 2021 оны арвандугаар сарын 1-н гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянга хүртэл буурах тооцоолол гарсан.
Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна." гэв.