УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь улсын хэмжээнд энэ төрлийн тусламж үйлчилгээний 90 гаруй хувийг ДАНГААРАА хариуцан ажилладаг

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

1966 онд анх удаа Монгол Улсын Төрийн шагналт, ардын эмч, хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор Ж.Хайрулла багш  тархинд мэс засал хийснээр Монголд Мэдрэлийн мэс засал үүссэн гэж үздэг. УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь 1971 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж өнгөрсөн хугацаанд олон олон сайн эмч нар ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсад мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэхэд 90 гаруй хувийг дангаараа нуруундаа үүрч ажилладаг баг хамт олон юм. Өнөөдөр ч гэсэн тасгийг үүсгэн байгуулалцсан зарим эмч, докторууд зөвлөх эмчээ хийж залуу үеэ сургаж, ирээдүйн эмч нараа бэлдсээр байна. Тус тасагт Шинжлэх ухааны доктор, Анагаах Ухааны докторууд ажилладаг бөгөөд тэд 2020 онд багаараа төрийн соёрхол хүртэж төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэн түүхэн амжилтын эзэд билээ.

Arslan.mn

Уншигч та бүхэндээ тус тасгийн хамт олонтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

Манай тасаг тархи, нуруу нугасны 40 гаруй төрлийн мэс заслыг хийж байна

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Аваажигмэд: 

Arslan.mn

- Сайн байна уу та? Энэ жил танай хамт олны 55 жилийн түүхэн ой тохиож байна. Хамгийн эхлээд та бидэнд тасгаа товч танилцуулна уу?

-Сайн байна уу. Баярлалаа. Анх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх эмч Ж.Хайрулла БНСЧСУ-д (хуучин нэрээр) Мэдрэлийн мэс заслын чиглэлээр курст суралцаж ирээд 1966 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн оронд хүний гар хүршгүй эмзэг эрхтэн гэгдэж байсан уураг тархинд мэс засал хийж тархины хавдрыг амжилттай авснаар энэхүү алба гал голомтоо асаасан билээ. Ж.Хайруллагийн шууд удирдлагаар 1971 оны 5-р сарын 13-нд тус эмнэлгийн бүрэлдэхүүнд Мэдрэлийн мэс заслын анхны тасаг нээгдсэн түүхтэй.

Өнөөдөр манай тасаг нь 12 эмч, хоёр зөвлөх эмч, 35 сувилагч, дунд мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд тасгийн хэмжээнд 48 ор, найман сэхээн амьдруулах ор, 40 энгийн ортойгоор ард иргэдээ тусламж үйлчилгээ үзүүлж  байна. 

- Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Мэдрэлийн мэс заслын өвчлөл жилээс жилд өсч байна. Үүнийгээ дагаад мэс заслын тоо  жил ирэх тусам л нэмэгдэж байна.

Манай тасаг тархи, нуруу нугасны 40 гаруй төрлийн мэс заслыг хийж байна.

Жишээ нь 2019 онд 1200 мэс засал хийсэн бол 2020 онд 1400 болж өссөн. Гэтэл ачаалал нэмэгдсэн хэдий ч ажиллах хүчин нь өмнөх шигээ л байгаа. Мэс заслын тоо олшрох тусам тэнд ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хэдий ч сүүлийн хоёр жил дэлхий нийтээр тархсан цар тахлын нөлөөгөөр бид орон тоогоо нэмэх боломж бүрдсэнгүй. 

Arslan.mn- Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? Яагаад заавал хамгийн хүнд тархины мэс заслыг сонгосон бэ?  

-Миний хувьд 1994 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд УГТЭ-т Мэдрэлийн мас заслын тасагт их эмчээр орж ажиллаад 28 жил болжээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх жил аав минь тархины цус харвалт өвчнөөр бурхан болсон. Тэр үед УГТЭ-т эмчилгээ хийлгэж байх үед анх тархины мэс засал гэгчийг харж байсан. Тэр үеэс л тархины өвчнийг эмчилдэг эмч болъё гэж эргэлт буцалтгүй шийдсэн. 1987 онд ЕБС-иа төгсөөд АШУИС-д элсэн суралцсан. Тухайн үед анагаахын оюутнууд нэг жил бэлтгэл асрагч хийдэг байсан. Тэр бэлтгэлээ гуйж байгаад УГТЭ-гийнхээ энэ тасагтаа хийж байлаа. Тэгж анх удаа энэ эмнэлэгтээ хөл тавьж эмнэлгийнхээ шалыг арчиж, 00 цэвэрлэж, асрагч хийж анхны гараагаа эхэлсэн түүхтэй. Сурч байх хугацаандаа эмч нартайгаа байнга холбогдож, 1994 онд Анагаах ухааны их сургуулиа төгсч, тухайн үед УГТЭ-ийн захирал н.Мухар гуай манай сургуулиас төгссөн шилдэг найман хүүхдийг эмнэлэгтээ ажилд авна гэсний нэгд нь багтаж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Миний хувьд энэ тасгийн дөрөв дэх үеийн эмч бөгөөд бид тав, зургаа дахь үеийн залуучуудаа бэлтгэгдэж, сургаж байна даа.

-Танай тасаг Монголдоо цор ганц хүүхдийн мэдрэлийн мэс заслыг хийдэг. Хүүхдэд энэ төрлийн өвчлөл хэр тохиолдож байна вэ? Үүний голлох шалтгаанаас дурдвал?

Дээр хэлсэн. Жил ирэх бүр тохиолдол нэмэгдэж байна гэж. Мэдрэлийн мэс заслын тасагт янз бүрийн шалтгааны улмаас хүүхдүүд ирж байгаа бөгөөд энэ төрлийн өвчлөл маш их тохиолдох болсон. Шалтгаан нөхцлүүдийн хувьд төрөлхийн болон олдмол тохиолдлууд ирдэг. 

Ер нь иргэдийн хувьд тархины мэс засал гэхээр зөвхөн цус харвалт л гэж ойлгох нь бий. Тархитай холбоотой маш олон төрлийн эмгэг, хавдрууд бий.

Тархины цус харвалт, цүлхэнгүүд, нуруу нугасны олон янзын өвчлөл, хавдар, бэхэлгээ хийх гэх мэт 40 гаруй төрлийн мэс засал хийгддэг. Мэс засал дунджаар таваас дээш цаг хийгдэж байна. Үүнээс гадна нэг буруу ойлголт нь тархины мэс засал хүнд, нуруу нугасны мэс засал хялбархан гэж ойлгоод байдаг. Тархи, нуруу нугас хоёр бол хоорондоо салшгүй холбоотой бөгөөд  иргэд энэ хоёрыг салгаж ойлгоод байдаг. 

Arslan.mn

-Танай тасагт Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, анх удаа техник технологийн шинэчлэл хийгдэж байгаа. Энэ хөрөнгө оруулалт хийгдсэнээр мэс заслын тусламж үйлчилгээнд гарах үр дүнг та хэрхэн харж байна?

-Өнгөрсөн 55 жилийн түүхэнд бидэнд өнөөдөр тохиож байгаа шиг ийм их хэмжээний үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийгдэж байсангүй. Нийтдээ 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд Монгол улсын Мэдрэлийн мэс заслыг нэг шат ахиулах асар том дэвшлийг авчирна.

Аливаа мэс заслын чанар эмч нарын ур чадвараас гадна тоног төхөөрөмжийн шинэчлэлээс шууд хамааралтай байдаг.

Эхний дөрвөн сард орж ирсэн тоног төхөөрөмжүүдээс дурангийн аппаратыг ашиглаж эхэлсэн. Энэ аппаратыг ашигласнаар гавлын хөндийг эвдэж оролгүйгээр хамрын хөндий, амны хөндийгөөр тархины суурийн хавдрууд, тэнд үүссэн эмгэгүүдийн оношилгоо эмчилгээг хийх бололцоотой болсон.

Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн навигацийн системийг  хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Энэ нь манай улсын тархины мэс засалд үсрэнгүй дэвшлийг бий болгоно. Тархины мэс заслын онцлог нь гавлын дотор бага нээлтээр битүү орчинд ажилладаг тул  тархины өвчилсөн хэсгийг яг онож очихгүй бол маш амархан гэмтдэг онцлогтой. Улмаар мэс заслын үр дүн улам сайжирна гэсэн үг юм.
Мөн уг системийн тусламжтайгаар тархины үйл ажиллагааны эмгэгүүд тухайлбал уналт, таталт, хөдөлгөөний эмгэгийн үеийн мэс заслыг хийх үйл ажиллагааны мэдрэлийн мэс заслын дэд салбарын суурь тавигдах болно.

Мэдрэлийн тасагт мөн оношилгооны тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж ойрын 2 сардаа мэдрэл, булчингийн бичлэг, харааны, сонсголын дуудлагат потенциал зэрэг хамгийн сүүлийн үеийн оношилгоонууд хэрэглээнд нэвтрүүлэх болно. Уналт таталт, паркинсоны өвчин зэрэг хөдөлгөөний эмгэгийн мэс заслууд, тархины суурь үүнд баганан хэсгийн хавдрууд, харвалтын үеийн зэрэг цөөнгүй мэс заслын төрлүүдийг шинээр нэвтрүүлэх боломж бүрдэж байгаад их баяртай байгаа. 

Сүүлийн жилүүдэд анхдагч хортой хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

УГТЭ-ийн Мэдрэлийн тасгийн мэс заслын эмч, ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Б.Батболд: 

Arslan.mn

-Манай эмнэлэг Улсын хэмжээнд зүрх болон мэдрэлийн чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ утгаараа мэдрэл, тархитай холбоотой янз бүрийн өвчлөл буюу харвалт, хавдар, судасны эмгэг, уйланхайн өөрчлөлт гэх мэт маш олон төрлийн тархин доторх, эдийн доторх өвчлөлүүд бүгд манай дээр төвлөрч, мэс засал хийгддэг. Миний хувьд түлхүү тархины хадварын мэс заслыг хийж, энэ чиглэлээр дагнан ажиллаж байна. Хавдар нь хаана л бол хаана бий болж байдаг эмгэг. Үүнээс гадна хортой, хоргүй гэж хоёр хуваагддаг. Хортой хавдар нь дотроо анхдагч болон үсэрхийлсэн хавдар гэж ангилагдаад явдаг. Сүүлийн жилүүдэд анхдагч хортой хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 

Arslan.mn

-Сүүлийн жилүүдэд нэвтэрч байгаа шинэ технологиудаасаа танилцуулна уу?

-Манай эмнэлэгийн хувьд гадаад улсад мэргэжил дээшлүүлэх болон гадны багуудыг урьж шинэ арга технологийг нэвтрүүлэхэд ихээр анхаарсаар ирсэн. 2005 оноос хойш ажиллах хугацаандаа Япон, Тайвань, БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Гадагшаа мэргэжил дээшлүүлж ирэх нь бидний хувьд маш том боломжуудыг бий болгож байдаг. Сүүлийн жилүүдэд бид хэд хэдэн шинэ арга, аргачлалуудыг нэвтрүүлж, удирдамж, стандартуудыг нэвтрүүлээд ажиллаж байна.

Сүүлийн жил бид өдөр тутмын мэс засалд хэрэглэдэг QUIZA буюу Усан буу хэмээх аппаратыг нэвтрүүлээд байна.

Энэ нь судсыг гэмтээхгүй яг хавдрын эдийг соруулж авдаг буу юм. Мөн навигацийн систем буюу хавдрыг яг онож зөв зүслэг хийж, гавлын ясыг оновчтой зүсэх, тухайн хавдар дээрээ зөв очих аппаратыг нэвтрүүлээд ажиллаж байна. Цаашдаа бид хавдрыг тэжээж байгаа судсыг нь бөглөж байж хавдрыг авах, нэг ёсондоо тухайн хүндээ хүндрэл, эрсдэл үүсгэхгүйгээр мэс засал хийж хавдрыг бүтнээр нь авч болох боломжит мэс заслын аргууд дээр анхаарлаа хандуулан суралцаж, шинэ технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид энэ жилдээ тархины дурангийн мэс заслыг түлхүү хийх тал дээр анхаарч, шаардлагатай дурангийн хэрэгслүүдийг захиалчихсан байгаа. 

Мэс заслын тусламж үйлчилгээ бол хамтын ажиллагаа байдаг

УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч, АУ-ны магистр А.Эрдэндалай: 

Arslan.mn

-Миний хувьд 1994 онд АУИС-ийг төгссөн. 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл УГТЭ-т 25 жил мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Ихэвчлэн Мэдрэлийн мэс заслын багт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Мэс заслын тусламж үйлчилгээ бол хамтын ажиллагаа юм. Түүний гол цөм нь мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ юм.

Мэс засал мэдээгүйжүүлгийн эмчийн үйл ажиллагаагаар эхэлж тус эмчийн үйл ажиллагаагаар л дуусдаг. Энэ хугацаанд өвчтөний амин үзүүлэлтүүдийг хариуцаад, амьсгал, зүрх судасны системийг тогтворжуулаад бүх үйл ажиллагааг нь тэнцвэртэй байлгахад манай үйлчилгээ хамгийн чухал үүрэгтэй байдаг. Гэхдээ л мэс засал гэдэг багийн үйл ажиллагаа бүгд жигд байж мэс заслын тусламж үйлчилгээ төгс болдог. Энэ жилийн найман сард УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний алба үүссэний 60 жилийн ой тохионо. Бид мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд үзүүлж чадаж байгааг хэлэхэд таатай байна. Хяналтын үзүүлэлт сайжирсан, мэдээгүйжүүлэг хэр зэрэг үзүүлж байна гэдгийг хүртэл хянах боломжтой болсон. Мэс засал дуусахад л өвчтөн ширээн дээрээсээ сэрээд гардаг болсон. 

Жилд 400 орчим тархины судасны мэс засал хийгдэж байна

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын их эмч, АУ-ны магиср С.Абай: 

Arslan.mn

-Манай эмнэлэг нь Улсын хэмжээнд тархины судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бид тархины судасны цүлхэн, хагарсан болон хагараагүй цүлхэнд хавчаар тавих, тархины судасны эмгэг сүлжээрлийн мэс засал, тархины судасны бөглөрөл болон нарийсалд дахин судасжуулах, цусны урсгалыг нэмэгдүүлэх нээлттэй мэс заслыг хийж байна. 2010 оны байдлаар ойролцоогоор 150-200 орчим тархины судасны мэс засал хийгддэг байсан бол таван жилийн дараа энэ тоо 100-аар нэмэгдсэн. Тэгвэл одоо энэ төрлийн мэс засал жилд 400 орчим хийгдэж байна. Энэ нь хүн амын төвлөрөл, болон оношилгооны багаж тоног төхөөрөмж сайжирч илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөн мэс заслын үр дүн 10 хувиар нэмэгдэж, нас баралт болон хүндрэлийн тоо буурсан сайн үзүүлэлтүүд бий. 

-Тархины цүлхэн гэж юу вэ?

-Тархины цүлхэн гэж маш аюултай өвчин л дөө. Тархины цүлхэн хагараагүй байхдаа ихэнхи тохиолдолд өвдөлтгүй байдаг. Шинж тэмдэг өгөхгүй байж байгаад нэг л өдөр хагарч, хүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулж, нас баралтын үндсэн шалтгаан болж байдаг. 41-56 насныхан өвдөх нь элбэг байна. Тиймээс бид сүүлийн жилүүдэд тархины цүлхэнг эрт илрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Иймээс иргэддээ хандаж хэлэхэд жил бүр бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж альваа өвчний хүндрэлээс өөрийгөө сэргийлж байгаарай гэж хэлмээр байна. 

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын эмч, АУ-ны докторант Ш.Орхонтуул: 

Arslan.mn

Миний хувьд тус тасагтаа 2011 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд багш нарынхаа заавар, зөлөмж удирдамжийн дагуу хүүхдийн мэдрэлийн мэс заслын чиглэлрүү түлхүү ажиллаж эхэлсэн. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхэд тархины өвчлөлөөс хамаарч нас барах тохиолдол буурсан. Үүнд оношилгооны тоног төрөөхөмж сайжирж, эрт үед нь оношилж хугацаа алдалгүй мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа нь нөлөөлж байна. Манай багийн хувьд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж мөн гадны улсад мэргэжил дээшлүүлсэн байгаа. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627969
24 эможи

Zochin
2021-08-13 21:40
Manai emch nar uneheer mundag yum bnalee. Aav Tsedevdorjid maani hagalgaa hiij ugsun emch Erdenebat, emch Batbold nartaa mash ih bayarlalaa tsaashdin ajild ni undruus undur amjilt huseye.
Зочин
2021-06-24 16:28
Та бүхэндээ маш их баярлалаа Саяхан нөхөрт маань мэс засал амжилттай хийсэн эмч нартаа бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөе
Үйлчлүүлэгч
2021-06-20 11:29
Та нар ёстой алтан гартаа шүү бүгдэд нь эрүүл энхийг хүсэе
Зочин
2021-06-19 23:01
Алтан гартай сайхан эмч нартаа хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа та бүхэнд
зочин
2021-06-19 06:43
Та бүгдэд баярлаад баярлаад ханашгүй сайн хүмүүс шүү эрүүл энх амжилтийг хүсье
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up