Я.Дашпагма: Умайн хавдар үргүйдлийг үүсгэдэг

2021 оны 5 сарын 19

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн  Эмэгтэйчүүдийн мэс заслын зөвлөх эмч,  клиникийн профессор Я.Дашпагматай ярилцлаа.   

Arslan.mn-Эмэгтэйчүүдийн дунд киста буюу миомтой гэж ярих хүн цөөнгүй байдаг. Гэхдээ үүнийг  умайн хоргүй хавдар гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ өвчин  хэдэн насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог вэ?

-Эмэгтэй хүний умай булчинлаг бүтэцтэй эрхтэн. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр булчинд холбогч эдийн бүтэцтэй зангилаа үүсэхийг миом буюу умайн хоргүй хавдар гэдэг. Умайн булчингийн хоргүй хавдар нь гөлгөр булчингийн хоргүй эдээс гаралтай байдаг. АНУ, Монголд  хийсэн судалгаануудыг харьцуулж үзэхэд умайн хоргүй хавдар нь 20-40 насны эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. 1000 эмэгтэй тутмаар нь авч үзэхэд 20-29 насныхан 3.3 хувь, 30-34 насныхан 6.8,  35-39 насныхан 10.3, 40-44 насныхан 10.6 хувийг эзэлж байна.

-Умайн хоргүй хавдар юунаас болж үүсдэг вэ. Үр хөндөлт, дороосоо даарах гээд олон  шалтгаантай гэж сонссон?

-Нэгдүгээрт, судлагдаагүй олон шалтгаан бий. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн бие организмын өөрчлөлтөөс мөн хэт тарган, туранхай байхаас  шалтгаалан хавдар үүсэх тохиолдол байдаг.   Мөн умайн хавдар удамших тохиолдол бий. Жишээлбэл, нэг айлын зургаан эмэгтэй зургуулаа умайн хавдар авахуулж байсан. Ер нь сүүлийн үед стресстэй холбоотойгоор умайн хавдар их үүсч байна. Түүнээс гадна хорт зуршлууд нь хавдар үүсгэх бас нэг шалтгаан болдог.  Мөн генетикийн шалтгаант хавдар гэж бий. Үүний 40 хувь орчим нь хромосомын өөрчлөлтөөс, 60 орчим хувь нь тодорхойгүй шалтгаант эсийн мутацаас болж үүсдэг. Түүнчлэн дааврын алдагдлууд нь умайн хоргүй хавдар үүсэхэд нөлөөлдөг. Мөн эрдэсийн дутагдлаас  буюу төмөр, B бүлгийн аминдэмээс болж үүсдэг  гэж зарим судлаачид үздэг.

-Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Умайн хавдрын байрлал, тооноос хамаараад янз бүрийн шинж илэрч болно. Үүний хамгийн эхний шинж нь сарын тэмдэг өвдөлттэй ирэх, түүний хямралууд, мөчлөг хоорондын зай алдагдах. Сарын тэмдэг бол эрүүл эмэгтэйн толь гэсэн үг. Тиймээс сарын тэмдгийн өөрчлөлт гарч байгаа тохиолдолд эмчид заавал үзүүлээрэй гэж зөвлөе. Мөн хавдрын үед гэдэс дүүрэх шинж илэрдэг. Хавдар том байгаа үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн мууддаг. Үүнээс гадна хэвлийгээр өвдөлт өгнө, шээс задгайрна, өтгөн хатна, жирэмслэхгүй болдог. Умайн хавдар нь үргүйдлийг үүсгэдэг. Мөн зулбах, өсөлтгүй жирэмсэн болох эрсдэл гарч болно. Түүнчлэн энэ олон шинж тэмдэг илрээд ирэхээр эмэгтэй хүн сэтгэл гутралд ордог. Умайн хавдрыг хэмжээгээр нь жижиг, дунд, том гэж хуваадаг. 1-4 см хэмжээтэй байвал түүнийг жижиг хавдар гэнэ. 5-9 см дунд, 10-аас дээш см байвал том хавдар гэж үзнэ.

-Умайн хоргүй хавдар буюу кистатай үед жирэмслэх боломжтой юу?

 -Умайн хоргүй хавдартай хүмүүс жирэмсэлж болно. Гэхдээ олон эрсдэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, өсөлтгүй жирэмсэн болох, дутуу төрөх, төрөлтийн үеийн хүндрэл, эс ховхрох эрсдэл гардаг.

-Энэ өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ. Эмийн эмчилгээ байдаг уу, мэс заслын эмчилгээг сонгодог уу?

-Эмчилгээний хувьд хавдрын хэмжээ, тухайн хүний насыг харгалзаж үзнэ. Хэрэв хавдар жижигхэн байвал хэсэг ажиглаж болно. Түүнээс гадна эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Хавдар нь олон судсаар тэжээгдээд ирэхээр улам томроод байдаг. Энэ үед судсыг нь бөглөх эмчилгээ хийж болно. Хэрэв тухайн хүн хагалгаанд орох шаардлагатай бол эхлээд эмийн эмчилгээ хийнэ. Мөн цэвэршилтийн өмнөх насны хүмүүс байвал зовиураас шалтгаалан эмчилгээг сонгодог. Түүнчлэн  төрөх хүсэлтэй эмэгтэй байвал мэс засал хийлгүй эмийн эмчилгээ хийлгэж болдог.

Мэс заслын эмчилгээг хийх таван заалт бий. Цус удаан хугацаагаар алдаад, өвдөлт өгөх, умайн хавдрын хэмжээ том байх буюу жирэмсний гурван сартай үеийнхээс дээш хэмжээтэй байвал мөн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд умайн зангилаа том, салст нь зузаарч байвал мэс заслын эмчилгээг хийнэ. Мөн олон тооны миомын зангилаа байвал үргүйдэлтэй байгаа үед мэс заслын эмчилгээг хийдэг.

-Умайн хоргүй хавдрын зангилааг ямар аргаар авдаг вэ?

-Умайн хоргүй хавдрыг умайтай нь авна, умайгүй авна гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, умайг нь үлдээгээд хавдрыг түүж авах арга бий. Төрөх хүсэлтэй 40-өөс доош насны хүмүүст энэ аргыг ашигладаг. Гэхдээ хавдар авсан ч дахих тохиолдол гардаг. Хавдрыг нээлттэй болон дурангийн гэсэн хоёр аргаар авдаг. Нээлттэй гэдэг нь хэвлийн доод хэсгийг босоо болон хөндлөн зүсч байгаад авна. Дурангийн арга нь дотроо Hysteroscope, laparoscope гэсэн хоёр төрөлтэй. Hysteroscope гэдэг нь умайн дотор хавдар байвал түүнийг дурандаж байгаад авдаг. Laparoscope нь хэвлийгээр нь дурангийн багажаа оруулж байгаад хавдраа авч, оёдог арга юм.

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627043
1 эможи

keyboard_arrow_up