УГТЭ орчин үеийн 64 зүслэгтэй компьютерт томографийн аппаратыг суурилуулж, ашиглалтанд орууллаа
2021 оны 04 дүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвд SIEMENS HEALTHINEERS үйлдвэрлэгчийн оношилгоо, эмчилгээний чухал ач холбогдол бүхий орчин үеийн дэвшилтэт технологи болох 64 зүслэгтэй Somatom go.Up загварын Компьютерт томографийн аппаратыг суурилуулж, өрөөний цацрагийн хамгаалалттай иж бүрэн засвар үйлчилгээг хийж ашиглалтанд орууллаа.
Монгол инженерүүд анх удаа 64 зүслэгтэй КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН АППАРАТЫН суурилуулалтыг амжилттай хийжээ
Урьд нь зөвхөн гадаад инженерүүд ирж суурилуулдаг байсан өндөр түвшний аппаратыг анх удаа Монгол инженерүүд өөрсдийн хүчин чадлаар бүрэн угсарч суурилуулсан анхны үйл ажиллагаа гэдгээрээ онцлог юм.
Тус Компьютерт томографийн аппарат нь 1 секундэд 64 зүслэг хийх чадамжтай, зураг авах хугацаа богино, өвчтөнд өгөх рентген цацрагийн хэмжээ бага, толгой, хүзүү, цээжний хөндий, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүд, дээд, доод мөч, нурууны зургийг илүү нарийн тод ялгаралтай харуулах, зүрх судасны өвчнийг илүү нарийн оношилдог онцлог, давуу талтай.
Мөн хэсэгчилсэн өндөр зэрэглэлийн зургийн чанар бүхий компьютерт томографийн шинжилгээг хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичих мөн PACS-аар дамжуулан эмч нарт хүргэх бүрэн боломжтой болсон байна.
Энэхүү дэвшилтэт технологи бүхий Компьютерт томографийн аппаратын угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн, үйлдвэрлэгчийн сургалтыг эмч мэргэжилтнүүдэд цахимаар зохион байгуулж, бүхий л талаар дэмжин ажилласан Эрүүл мэндийн яамны хамт олон болон ханган нийлүүлэгч “Сетунари” ХХК-д үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс УГТЭ-ийн удирдлагууд талархал илэрхийлжээ.