УГТЭ Урологийн тусламж үйлчилгээнд 8 төрлийн ШИНЭ МЭС ЗАСЛЫН эмчилгээг нутагшуулжээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа урологийн мэс заслын тусламжийг өргөжүүлэх зорилтот үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвтэй хамтран ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааны хүрээнд УНТЭ-ийн урологийн мэс заслын удам залгасан их эмч Н.Саранцэцэг УГТЭ-ийн Урологийн тасгийн эрхлэгчээр 6 сарын хугацаанд маш үр дүнтэй хамтран ажиллаад гэрээний хугацаа 05 сарын 01-нд дуусч өөрийн эмнэлэгтээ буцаж, дараагийн эмчийг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хамтын ажиллагааны хугацаанд нийт 400 орчим урологийн мэс заслын эмчилгээг хийснээс тус эмнэлэгт 8 төрлийн шинэ мэс заслын эмчилгээг нутагшуулан хийсэн байна.
УГТЭ-ийн урологийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, тогтворжуулах ажлыг үр дүнтэй, хариуцлагатайгаар хамтран ажилласан УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн их эмч Н.Саранцэцэгт эмнэлгийн захиргаа, хамт олны талархлыг гардууллаа.
Дашрамд тус эмнэлгийн урологийн болон нойр булчирхай, цөсний замын мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн сайжруулахад нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх боломжийг олгож, 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн үед шийдвэрлэж өгсөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханд тус эмнэлгийн захиргаа, хамт олон туйлын талархалтай байгааг үүгээр хамтатган уламжилж байна.