ГССҮТ-ийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүлж, ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа
Өнөөдөр "Олон улсын сувилагчдын баяр" -ын өдөр тохиож байгаатай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн удирдлагууд сувилагч нараа хүлээн авч, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ шагнал гардууллаа.
Мөн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажил үүргийн онцлогийг таниулах, алдаршуулах, Ковид-19 цар тахлын энэ цаг үед сэтгэл зүйг нь дэмжих, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх үүднээс 2021.05.01-2021.05.10-ны өдрийн хооронд “Сувилахуйн мэргэжилтний манлайлал-2021” фото зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ үеэр ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах иргэдийн эрүүл мэндийн манаанд тасралтгүй зүтгэж байгаа нийт сувилагч нартаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр “Хийсэн бүтээж, сурч, мэдлэгээ улам тэлж, үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе.
2021 оны 01 дүгээр сараас эрүүл мэнд тухай таван хуульд өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагад гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тиймээс бид бүхэн гүйцэтгэлээ сайн хийж санхүүжилтээ сайн авч чадах юм бол эмнэлгийнхээ эмч, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг одоо байгаагаас хэд дахин нэмэгдүүлж ажиллах бүрэн боломжтой. Хамгийн чухал зүйл бол ирж буй үйлчлүүлэгч ачаалал нэмж байгаа гэсэн өнцгөөс биш харин бидний ажилд дэм болж байна гэдэг өнцгөөс нь харж, бидний ажил энэ хүнд үзүүлсэн тусламж үйлчилгээгээр хэмжигдэнэ хэмээн ойлгож та бүхэн маш сайн манлайлал гаргаж, харилцаа хандлага, ёс зүйгээ эрхэмлэж сувилахуйн тусламж үйлчилгээгээ нэр төртэйгээр үзүүлээрэй гэж хүсмээр байна.
2021 онд манай ГССҮТ-ийн маш их ачаалалтай ажиллалаа. Энэ хугацаанд тусламж, үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй сэтгэл хангалуун үзүүлж, гүйцэтгэлээ хангалттай сайн хийсэн учир та бүхний цалинг тодорхой хэмжээгээр нэмэх, нийгмийн асуудлуудаа шийдэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Гүйцэтгэлээр санхүүжих санхүүжилтийн гол шалгуур бол чанар дээр яригдах юм. Тэгэхээр тоо чухал биш, чанар чухалчилж ажиллах нь та бидний үүрэг." хэмээлээ.
Мөн энэ үеэр мөн төрийн шагнал авсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна үр бүтээлтэй ажилчин сувилагч нарт Нийслэлийн эрүүл мэндийн газрын, эмнэлгийн болон үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит шагнал гардууллаа.