Б.Отгонмөнх: “Ковид-19” вирусээр өвчилсөн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрч, халуурч байна

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Орон нутагт “Ковид-19”вирусийн гаралт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цар тахлын хүнд үед өвчтөнд хэрхэн хүрч ажиллаж байгаа талаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхэд, нярайн тасгийн эмч Б.ОТГОНМӨНХТЭЙ ярилцлаа. Тэрбээр цар тахлын “галын шугам” болох Тусгай эмнэлгийн хоёрдугаар багийн ахлагчаар ажиллаж байна.

-Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хэдэн хүн “Ковид-19” вирусээр өвчилсөн бэ?

-Сүүлийн 24 цагт шинжилсэн 628 сорьцноос Эрдэнэбулган суманд ойрын хавьтлаас гурван тохиолдол батлагдаж, Архангай аймгийн хэмжээнд нийт 308 тохиолдолтой боллоо. Есөн суманд 12 голомт үүссэнээс гурав нь хаагдаж, гурав нь идэвхгүй болсон. Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Цэнхэр, Хотонт, Эрдэнэбулган сумын нийтийн байр гэсэн зургаан голомт идэвхтэй байна. Өчигдөр нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлгээс дөрвөн хүн эдгэрч гарсан. Нийт 263 тохиолдол буюу 85.3 хувь нь эдгэрч, одоо 45 хүн тусгай эмнэлгүүдэд эмчлүүлж байна. Үүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 38, Эрдэнэмандалд гурав, Цэнхэрт дөрвөн хүн хэвтэж байна. Биеийн байдлын хувьд авч үзвэл хөнгөн 39, хүндэвтэр тав, хүнд нэг. Аймгийн онцгой комисс зохион байгуулалт сайтай ажиллаж байна.

-Нас хүйсийн хувьд авч үзвэл?

-10 сартай хүүхдээс 88 настай буурай “Ковид-19” вирусаар өвчилж, эмчлүүлcэн. Хүйсийн хувьд 56 хувь нь эмэгтэй 44 хувь нь эрэгтэй хүн байна. Тэднээс эмчлэгдээд гэрийн тусгаарлалтад гарсан нь ч бий.

-Эмнэлэг болон эмч нарын зүгээс иргэдээс яаралтай шинжилгээ авч, батлагдсан тохиолдлыг цаг алдалгүй тусгаарлаж, эмчилж байна. “Ковид-19” вирусээр халдварласан иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-PCR шинжилгээнд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Архаг, суурь өвчтэй, өндөр настай хүмүүс анхааралтай байхгүй бол хүндэрвэл эрхтний тогтолцооны хувьд эргэшгүй өөрчлөлтөд ордог. Шинж тэмдэггүйгээр илэрч, батлагдсан тохиолдлоос цус, биохими, рентген шинжилгээ авахад өөрчлөлттэй гарч байна. Дархлаа сул, цусны цагаан эс буурах, цус булигнал их, уушгины бүтцийн хувьд өөрчлөлттэй байгаа. Шинж тэмдэггүй ханиад шиг гэсэн буруу ойлголт ард иргэдийн дунд бий. Энэ нь тийм биш юм. Цар тахал гэдгийг ойлгож, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Иргэн бүр хариуцлагатай хандаж, маскаа тогтмол зүүж, гараа угааж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

-Хүн бүрийн сэтгэлзүйн байдал харилцан адилгүй. “Ковид-19” вирусээр өвдчихлөө” гээд хямралд орчихсон хүмүүс байна. Эмч хүний хувьд биеийг эмчлэхээс гадна сэтгэл зүйг нь давхар анхаарч эрүүл болгох шаардлагатай. Та цар тахлын голомтод ажиллаж байгаа. Өвчтөнтэй харилцахад хүндрэл тулгарч байна уу?

-Сэтгэлзүйн хувьд айдас түгжүүртэй, энэ өвчин хүндэрвэл яах бол гэж болгоомжлох хүмүүс их байна. Өвчтөнөө тайвшруулж, эмчлэх нь бидний үүрэг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүн бүрд сэтгэлзүйн зөвлөгөө тогтмол өгч байгаа. Баг ахалж ажиллаж байгаа эмчийн хувьд өвчтөн төдийгүй сувилагч, ариутгагч болон бусад ажилчинд маш сайн хяналт, анхаарал тавьж байна. Улаан бүсдээ камер суурилуулж, хянадаг. Шар бүсэд орж ирээд хэрхэн хувцсаа тайлж, ариутгал хийхэд анхаарч байна. Тусгай багийнхандаа сандарч, айдас түгжүүргүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах талаар цаг тутамд зөвлөгөө өгч байгаа.

-Тусгай эмнэлгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Аймгийн хэмжээнд орны хүрэлцээ хэр байгаа вэ?

-Аймгийн хэмжээнд 120 ор дэлгэсэн. Эхний ээлжид Халдвартын тасагт 30 ор дэлгэж, тусгай эмнэлэг байгуулсан. Үүний дараа Хүүхдийн тасгийг нэмэлт 32 ортойгоор тусгай эмнэлэг болгосон. Өвчлөл нэмэгдэж, Нэгдсэн эмнэлгийн амбулатори хэсгийг тусгай эмнэлэг болгосноор Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн газар руу шилжин орж, нүүсэн байгаа. Эрүүл бүс нь Эрүүл мэндийн газар болсон гэсэн үг. Тэнд халдваргүй хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Миний хувьд хүүхдийн 32 ортой тусгай эмнэлэгт хоёрдугаар багаа ахалж “Ковид-19” вирусийн эсрэг тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Халдварын голомтыг хумихад хувь хүний ухамсар, хариуцлага чухал. Хариуцлагатай байж чадвал халдвараас өөрийгөө хамгаалж чадна гэдгийг олон нийтэд хэлж байна.

-Та хүүхдийн эмнэлгийг хариуцан ажиллаж байгаа гэлээ. Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Хүүхдүүд ерөнхийдөө шинж тэмдэг багатай, зарим тохиолдолд хордлогын шинж тэмдэг илэрч байна. Бага зэрэг халуурсан байдалтай. Шинжилгээгээр “Ковид-19” вирусаар өвчилсөн нь батлагдаж байгаа.

-Архангай аймгийн сумдад халдвар тархсан. Сумын эмнэлэгт биеийн байдал хүндэрсэн өвчтөнийг эмчлэх бүрэн боломж бий юу. Тоног төхөөрөмж хангалттай байна уу?

-Халдвар гарсан сумдад “Ковид-19” вирусийг эмчлэх тусгай эмнэлэг байгуулагдан ажиллаж байна. Сумын эмнэлэгт амьсгалын аппарат, рентген зэрэг тоног төхөөрөмж байхгүй учраас хүнд болон хүндэвтэр хүмүүсийг аймгийн тусгай эмнэлэг рүү зөөвөрлөж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол сумын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Сумдад эмчийн болон аргазүйн зөвлөгөө өгч ажилладаг.

-Улс даяар вакцинжуулалтыг нэгдсэн журмаар хийж байна. Иргэд вакциндаа хамрагдах нь хэр байна вэ?

-Аймгийн хэмжээнд 24 цэгт вакцин хийж байгаа. Өчигдрийн байдлаар 10585 хүн дархлаажуултад хамрагдсан.

Цар тахлын үед иргэд дархлаагаа дэмжихийн тулд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Дархлаа дэмжихэд өндөр хувь нэмэртэй зүйл бол аз жаргалтай, инээд хөөр, баяр баясгалантай байж дасгал хөдөлгөөн, иог хийх нь чухал.

Үүнээс гадна амин дэмээр баялаг хоол тэжээл, витамин C, D хэрэглэх хэрэгтэй. Витамин С,D-г хэрэглэ гэхээр хэтрүүлэн хэрэглэх хандлага иргэдийн дунд ажиглагдаж байна. Тиймээс эмчээс зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626567
0 эможи

keyboard_arrow_up