“Галын шугам”-ын дайчид эмч, эмнэлгийн ажилтнуудаараа БАХАРХАХ ЁСТОЙ
Манай улсад “COVID-19” вирусийн халдвар хурдацтай тархаж, зөвхөн энэ сарын 19-ний өдөр 1311 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барсан гэх харамсалтай мэдээлэл цацагдлаа. Эдгээрийг нэгтгэж үзвэл, Монгол Улсад цар тахлын халдварын батлагдсан тохиолдол 24 мянгаас давж, энэ өвчний улмаас амь насаа алдсан хүний тоо 51 болжээ. Жон Хопкинсийн их сургуулийн Инженерийн шинжлэх ухааны системийн төв, ДЭМБ, Их Британийн Засгийн газрын Коронавирусийг хянах алба, Франц болон Шведийн нийтийн эрүүл мэндийн агентлагуудын цар тахлын тархалтын дүн мэдээний нэгтгэлд дурдсанаар Монгол Улсад нэг хоногт илэрч буй лын тоо нийт хүн амтай нь харьцуулахад дэлхийд “толгой цохиж” эхэлжээ. Хамгийн их халдвар тархсан Бразил, АНУ, ОХУаас манай улс хол тасархай явж байна.
Гэтэл энэ аюул заналтай манай эрүүл мэндийн салбарын 4600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халз тулж, “галын шугам” болсон халдварын голомтод унтах нойр, идэх хоолоо умартан ажиллаж байгаа юм. Тэднээс 400 гаруй нь “COVID-19”-ийн халдварт өртөж эмчлүүлж байгаагийн дотор биеийн байдал нь маш хүнд хүн ч байгаа аж.
Тиймээс халдварын голомтод ажиллах мэргэжлийн эмч, ажилтны нөөц хомсдож эхэлсэн байна. Энэ талаар ЭМЯ-ны Тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Одоогоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэж байна. Тэдний араас нөхөөд явах мэргэжлийн хүмүүсийн нөөц үндсэндээ шавхагдаж, таазандаа тулсан. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 360 гаруй ор байдаг. Жирийн үед үүний 70 орчим хувийг ашигладаг байсан бол одоо аль хэдийнэ дүүрсэн. Тэр хэрээр нэг өвчтөнтэй ажиллах эмч, эмнэлгийн ажилтны ачаалал эрс нэмэгдэж, хүний нөөцийн хомсдолд орох нь тодорхой байна” гэж хэлсэн юм. Ийнхүү мэргэжлийн хүний нөөцийн хомсдолтой холбогдуулан “COVID-19”-ийн эмчилгээ, үйлчилгээнд сайн дураараа ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг бүртгэж эхэлсэн. Үүнд, хувийн эмнэлэгт ажилладаг, одоогоор хөдөлмөр эрхлээгүй, ажил нь зогссон эмч нарыг хамруулах юм. Харин өндөр насны тэтгэвэртээ сууж байгаа мэргэжлийн хүмүүсийг бүртгэхээс татгалзаж байгаа аж. Учир нь, энэ насныханд халдвар маш хүнд тусаж байгаатай холбоотой гэнэ. Бүртгэлд сайн дураараа хамрагдаж, ажил үүрэг гүйцэтгэх мэргэжлийн хүмүүсийг цалинжуулах, урамшуулал олгох асуудлыг холбогдох газарт нь тавина гэдгээ ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр учирлаж байлаа.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар халдвар тархсан тухайн орны бүртгэгдсэн нийт тохиолдлын 10-12 хувь нь эмнэлгийн ажилтнууд байгааг тогтоосон байна. Үүнтэй харьцуулбал дээрх тоо харьцангуй бага байгаа боловч халдварт өртсөн эмч, эмнэлгийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өвчилсөн байжээ. Үлдсэн 30 орчим хувь нь гаднаас халдвар авсан нь цар тахлын тархалт өндөр байгааг харуулж буй үзүүлэлт гэж үзэж байна.
Төр, засгийн зүгээс цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн тулд орон сууцны хөтөлбөрт урьдчилгаа төлбөргүй хамруулах зэрэг арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Тухайлбал, өнгөрсөн оны 9-12 дугаар сард тэдэнд дөрвөн удаа буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Үүнд нийслэл, орон нутгийн 531 эмч, сувилагч, эмнэлгийн ажилчин хамрагдаж, 2.1 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг авчээ. Мөн энэ оны гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 2230 эмч, эмнэлгийн ажилтан тус бүрд нэг сая, резидент эмч бүрд 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд нийт 2.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ мэтчилэн “COVID-19”-ийн голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг мөнгөн хэлбэрээр дэмжиж байгаа ч сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж нийтэлж байгаа зарим мэдээлэл тэдгээр хүмүүсийг сэтгэл санааны дарамтад оруулж, ажиллах урам зоригийг нь мохоож буйг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өчигдөр хийсэн мэдээлэлдээ онцлон дурдлаа.
Тус холбооны тэргүүн Х.Ариунаа мэдээлэхдээ “Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд “COVID-19” халдварт өвчинтэй тэмцээд жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таагүй, хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн зарим ажилтныг “Шинжилгээний хариу засдаг” гэж хууль, хяналтын байгууллагууд эцэслэн шийдээгүй асуудлыг цахим орчинд цацаж, тэднийг ажил хийхэд нь дарамт үзүүлж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна.
Иймд энэ асуудлыг холбогдох байгууллага нь яаралтай шалгаж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж, эрүүл мэндийн салбар, тэнд ажиллагсдын нэр хүндийг сэргээж өгөхийг шаардаж байна” гээд гурван зүйл бүхий мэдэгдлийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлж байгаагаа уншиж сонордуулав. Үүнд салбарын ажилтнуудын цалин хөлс, илүү цагийн мөнгө, нөхөн олговрыг цаг тухайд нь бүрэн олгохгүй бол хөдөлмөрийн маргаан үүсгэх, цаашилбал нийслэл, орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл өрнүүлэхээ мэдэгдсэн байлаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд тэргүүн Д.Нарантуяагийн ярьж байгаагаар, өнөөдөр “COVID-19”-ийн халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, арын албаны ажилчид 24:72 цагаар ээлжлэн ажиллаж байгаа аж. Ийм хугацаагаар битүү амны хаалт, нүдний шил, хамгаалалтын хувцас (хулдаасан)-ны цаана байна гээд бодохоор тэд ямар хүнд нөхцөлд ажиллаж байгааг төвөггүй ойлгож болохоор санагдана. Манай сонины өчигдрийн дугаарт ярилцлага өгсөн УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар “Эрүүл мэндийн салбарынхан, эмч, сувилагч, асрагч нар сөхөрч байна. Бидэнтэй 10 хоног ажиллаж, зочид буудалд тусгаарлагдаж 14 хононо. Тэгээд гэртээ очиж долоо хоноод л эргээд ажилдаа орж байна. Зарим нь гэртээ ч очиж чадалгүй дуудагдаж байна шүү дээ” гэж ярьсан байна билээ. Бодит байдал ийм л байгаа юм. Бид халдварын голомтод орж сурвалжилж чадахгүй, тийм нөхцөл бололцоо ч байхгүй болохоор дотор нь байж, эмчилгээ үйлчилгээ авч байсан хүний ярианаас ийнхүү эшлэв.
Ийм л хүнд нөхцөлд ажиллаж, цар тахлын эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тэднийг магтан алдаршуулбал зохилтой. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд иргэдийн шинжилгээний хариуг зассан, хуурамч “сөрөг” үр дүнг худалдсан зэрэг хууль бус үйлдэл хийсэн бол үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж тогтоогоод хариуцлага тооцох биз ээ.
Туулайн чинээ хар уулын дайтай цагааныг дардагчлан цөөн хүний болчимгүй энэ үйлдэл (хэрэв батлагдвал шүү дээ) нь нойр, хоолоо умартан өдөр шөнөгүй ажиллаж, коронавирусийн цар тахалтай тэмцэж, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа “галын шугам”-ын дайчид эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын гавьяаг бүдгэрүүлэх учиргүй.
Тэд бол энх цагийн эрэлхэг хөвгүүд, охид юм. Бид тэдэнд талархаж, тэднээр бахархах ёстой.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин