Б.Ууганбаяр: Хүүхдүүд гадаа тоглоомын талбайд амны хаалтгүй тоглож байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
"Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдлын 4412 буюу 20 хувь нь ХҮҮХЭД байна"
Тэрбээр "Тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Нэг хүнд ногдох тохиолдлын тоогоор нэлээд дээгүүрт орж байгаа. Энэ үед эмийн бус аргуудыг хэрэглэх тухайлбал, хөл хорио тогтоох, гараа угаах, аль болох олуулаа цугларахгүй байх арга хэмжээг авдаг.
Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдлын 20 хувь нь 0-17 настай 4412 хүүхэд байна.
- 0-4 насны хүүхэд 23,4 хувь
- 5-9 насны хүүхэд 31,9 хувь
- 10-14 насны хүүхэд 32,7 хувь
- 15-18 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна.
Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол харьцангуй бага ч тэд вакцин хийлгээгүй учраас хүндрэх магадлалтай. Тиймээс зүгээр нэг энгийн томуу хэмээн тайвширч болохгүй." гэв.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Гадаа тоглоомын талбайд хүүхдүүд амны хаалтгүй тоглож байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэх магадлалтай. Халдварын шинж тэмдэг илрэхгүй тохиолдолд гэр бүлийнхэндээ халдвар тарааж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэртээ байлгах. Агаар салхинд гарах үед нь амны хаалтыг тогтмол хэрэглүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахыг хүсэж байна." гэлээ.