Д.Баттөр: Архи уухдаа согтотлоо ихээр уудаг, үргэлжилсэн архидалтанд өртдөг бол ДОНТОХ ӨВЧНИЙ сонгодог шинж тэмдэг

2021 оны 4 сарын 18

Arslan.mn

СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын тасгийн эмч Д.Баттөртэй ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өвчин бүр тодорхой үе шатуудтай байдаг. Тэгвэл архинд донтох өвчний талаар, эхэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Сайн байна уу. Архинд донтох өвчин гэдэг нь аль ч цаг үед байж байсан өвчин. Тэр тусмаа архаг, дахилт өгдөг, үхэлд хүргэх аюултай гэдгийг хүн бүр ойлгож, мэдэх хэрэгтэй. Архинаас гарах биш харин татгалзах, огт хэрэглэхгүй байх гэдэг нэр томьёог хэрэглэдэг. Архинд донтох эмгэг тодорхой үе шаттай байдаг. Үүний хамгийн эхний үе шат бол архийг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Ер нь архинд донтох эмгэгт архийг хэтрүүлэн хэрэглэх, архины хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ гэсэн үе шатыг дамжиж хүрдэг. Манайд насанд хүрэгчдийн 50.8 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүйгээс 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилж байна. Гэтэл архийг анх удаа хэдий чинээ эрт амсаж үзнэ төдий чинээ архинд донтох өвчнөөр өвдөх эрсдэл нь нэмэгдэж байдаг. 

-Архи хэтрүүлэн хэрэглэснээр ямар ямар өвчлөлийг үүсгэдэг вэ?

-Архинд донтох эмгэгтэй хүмүүс хавсарсан эмгэгүүдтэй байдаг. Хүний биеийн 60 гаруй эмгэгүүдийг үүсгэдэг. Жишээ нь архины шалтгаант элэгний үрэвсэл, зүрхний өөхлөлт, зүрхний хэм алдагдал, цусны даралт ихсэх гэх мэт. Мөн хоол боловсруулах эрхтэн системтэй холбоотой зарим эмгэгүүд архитай холбоотой үүсдэг.

-Архинд донтох эмгэгийн шинж тэмдгүүдийг та дурдахгүй юу?

-Архинд донтох эмгэг хүндрээд ирэхээрээ үгүйсгэх шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, анагаахын шинжлэх ухаанд үндэслэж үгүйсгэх, архи элгэнд сайн, архинаас гэнэт гарвал элэг хатуурна гэх мэт.

Зарим нь зайлшгүй шалтгаанаар уусан, арван жилийн найзтайгаа уулзсан юм чинь уухгүй яах вэ гэх мэтээр өөрийгөө зөвтгөж эхэлдэг. Зарим нь дайрч давшилдаг. Намайг архичин гэвэл бусад бүх хүмүүсийг ч архичин гэнэ гэх мэтээр өвчнөө үгүйсгэх шинж тэмдгээр илэрдэг.

Өөрөөр хэлбэл, тухайн хүний зан төрхөд өөрчлөлт орж, уур бухимдалтай болж, юмыг өөнтөгч хардаг болж байна. Мөн бие махбодын хараат байдал үүсдэг. Архинд донтох эмгэг зөвхөн хувь хүний өвчин биш гэр бүл, нийгмийн өвчин юм.

Архинд донтох эмгэгтэй хүнтэй хоёроос дээш жил амьдарсан гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь архинд донтох эмгэгийн давхар хамааралтай өвчин үүссэн байна гэж үздэг.

Нэг архинд донтох эмгэгтэй хүний ойрын хүрээний 50 хүн, холын хүрээний 150 хүн дагаж өвддөг гэж үздэг. Тухайлбал, өвлийн хүйтэнд донтох эмгэгтэй хүн осгох, хөлдөх тохиолдол гарвал тухайн гэр бүлийн гишүүн дагаж санаа зовдог. Ингэснээрээ тухайн хүн нойргүйдэж, стресстэж, зүрх нь өвдөж, бухимдаж эхэлдэг үүнийг давхар хамаарал гэж байгаа юм.

-Би бараг архи уудаггүй, амссан, 100 татсан, өнөөдөр чинь баярын өдөр шүү дээ гэж ярих нь зөвтгөл мөн үү.  

-Архийг зохистой хэрэглэдэг хүмүүсийн хувьд баяр ёслолын үеэр, найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг бөгөөд үргэлжилсэн архидалт үүсдэггүй. Тэгвэл архинд донтох өвчтэй хүмүүсийн хувьд ямар нэгэн шалтгаан гаргаж согтотлоо эсвэл ханалт үүстлээ уудаг. Энэ нь хүний бие организмаас хэтэрсэн хэрэглээ байдаг учраас маргааш нь тухайн хүний бие өөрийгөө эрүүлжүүлэх үйл ажиллагаа бүрэн явагдалгүйгээр шарталтын зориур маш хүчтэй илэрдэг. 

Шарталтын зовиурт толгой өвдөх, биеэ даахгүй болох, огих, бөөлжих, зүрх нь дэлсэх шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна тухайн хүний сэтгэл зүйд айж түгших, сэтгэл гутралын өөрчлөлтүүд илэрдэг.

Тэгтэл ихэнхи хүмүүс шараа тайлах нэрийдлээр үргэлжлүүлэн хэрэглэдэг. Энэ нь тухайн хүнийг донтох өвчтэй болгох эхний алхмыг тавьж байгаа хэрэг юм. Хүмүүс эхлээд архинд орохдоо өөрийгөө архичин болчихно гэж хэзээ ч боддоггүй. Шараа л тайлаад явж байна гэж бодоод байдаг. Шарталтаа тайлах тоолонд л тухайн хүний ханах цэг нь нэмэгдсээр л байдаг. Өнөөдөр та 100 гр уугаад болчихлоо гэж боддог байсан бол өдөр ирэх тусам энэ хэмжээ нэмэгдээд явна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл шарталтын зовиур нь гарч амжаагүй байтал согтолтонд орно гэсэн үг. Архинд донтох өвчтэй хүн хэдий чинээ өөрийгөө эрт татаж авах, өөртөө шүүмжлэлтэй хандана төдий чинээ зан үйлээ засах, эдгэрэлт авах хугацаа нь богино байна. 

Зарим хүмүүс өөрийгөө зөвтгөөд л яваад байдаг. Хэдий хугацаанд уухгүй байсан нь хамаагүй. Нэг архи уухдаа согтотлоо ихээр уудаг, үргэлжилсэн архидалтанд өртдөг бол донтох өвчний сонгодог шинж тэмдэг

Би гайгүй гээд яваад л байх юм бол хэрэглээ нь улам нэмэгдээд л байдаг. Тэгэхээр архинд донтох өвчтэй хүмүүс нэг уухаараа заавал согтотлоо уудаг, шартдаг, үргэлжилсэн архидалтанд өртөж, архины хордлогод ордог. Энэ нь сүүлдээ нас баралтын шалтгаан болж болно. Хүн шарталтаа хэзээ ч архиар тайлж болохгүй. Учир нь энэ нь үргэлжилсэн архидалтын суурийг тавьж байдаг. 

Arslan.mn

-Иргэд өөрийгөө архинд донтох өвчтэйгөө мэдэх боломжтой энгийн арга байдаг уу?

- Гэр бүлийн гишүүдийн хувьд хөндлөнгөөс харж байгаа учраас илрүүлгийг маш сайн хийдэг. Архинд донтох өвчний шалгуур шинжээр та өөрийгөө донтох өвчтэй юу үгүй юу гэдгийг амархан мэдэж болно. Эрүүл мэндийн шалгуураар буюу та архины хордлогод орж байсан уу, архи уусан үедээ та бусдын болон өөрийн буруугаас эд эрхтэндээ гэмтэл авч байсан уу, нийгмийн шалгуурын асуулт буюу архи уухаараа та нийгэмд болон өөртөө аюултай байдал үүсгэж байсан уу, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан уу, ажлаа цалгардуулж байсан уу, хуулийн шалгуурын асуулт буюу та архи уусан үедээ зодоон хийж байсан уу, архи уугаад хууль зөрчиж байсан уу, эрүүлжүүлэхэд орж байсан уу гэх мэт асуултыг өөрөөсөө асуугаад ихэнх хариулт тийм гэж гарвал та донтох өвчтэй байх эрсдэлтэй гэж үзэж болно. Архинд донтох өвчнийг илрүүлэг, үнэлгээ, оношилгоо, эмчилгээ гэсэн үе шаттайгаар эмчилдэг. Би зүгээр шүү дээ гээд яваад л байдаг хүмүүс зөндөө бий. Хэдий чинээ удаан тэгж явна эмчилгээ авах нь төдий чинээ хэцүү болно гэсэн үг. 

-Ямар төрлийн эмчилгээ хийгддэг вэ? 

-Донтох өвчний үед эмчилгээний өмнөх үе, эмчилгээний үе, эмчилгээний дараах үе гэсэн гурван бүлэг эмчилгээг хийж байж энэ нь цогц тусламж болдог. Эмчилгээний өмнөх үед нь илрүүлэг, үнэлгээгээ хийгээд хэрэв тухайн хүн хордлоготой байвал хордлогыг нь тайлдаг. Үүний дараа эмчилгээний төрлүүдийг танилцуулж, аль нэгийг нь сонгуулан эмчилгээгээ эхэлдэг. Архи уухад хариу урвал өгдөг эм, дуршил дардаг үйлчилгээтэй эмийг санал болгохоос гадна сэтгэл заслын эмчилгээг санал болгодог. Энэ үеийг дуусахаар үргэлжилсэн шатны эмчилгээг хийдэг бөгөөд энэ нь 3-5 жил үргэлжилдэг. Эмийн эмчилгээг сонгосон бол өдөр бүр эмээ уух, сэтгэл заслын эмчилгээг сонгосон бол өөртөө туслах бүлгийн цуглаанд хамрагдах ёстой байдаг. Эмийн эмчилгээтэй сэтгэл заслын эмчилгээг хавсарч хийж байж үр дүн өндөр гарна. Гэтэл ихэнх хүмүүс энэ замынхаа талаас нь буцчихдаг.

Архины хордлого тайлах эмчилгээ хийлгэчхээд л би архины эмчилгээ хийлгэчихлээ, ганц хоёр эм уучхаад л би архинаас гарчихсан гээд байдаг. Энэ бол маш буруу ойлголт. 

-Зарим гэр бүлийн хүмүүс архины хамааралтай болчихсон хүнээ архинаас гаргана гэсэн ямар л сайн юм байна бүгдийг нь хэрэглээд байдаг. Гэтэл нөгөө хүн маань эгээ хэвэндээ, зарим нь бүр дордчихсон байх нь ч тохиолдол байна шүү дээ. Тэгэхээр энэ нь цогц эмчилгээ хийлгээгүйн гор гэсэн үг үү. 

-Ямар нэгэн мэргэжлийн бус хүн дээр аваачаад тусламж авна гэдэг нь буруу. Тэр хүн дээр хэлсэн эмчилгээний цогц үйлчилгээг авч чадахгүй байна шүү дээ. Аль нэг газраа алдаа гарчхаар эргээд тухайн хүн архинд гүн орох магадлал маш өндөр байдаг. Хүмүүс амархан шийдэх гэж оролдоод л том алдаа гаргаад байдаг. 

-Эрэгтэй хүн архинд орсон тохиолдолд гарах магадлал эмэгтэй хүнээс өндөр байдаг гэж ярьдаг. Энэ үнэн үү. 

- Монгол иргэдийн хувьд элэгний спирт задалж хоргүйжүүлэх бодис нь нэг цагт найман грамм байдаг гэсэн олон улсын судалгаа байна. Эмэгтэйчүүдийнх тэрнээс бага байдаг. Энэ нь тухайн хүн архинд донтох өвчнөөр өвчлөх эрсдэл нь өндөр гэдгийг харуулж байгаа юм. Хоёрдугаарт спирт гэдэг бодисоос хагас задралын бодис үүсч, хүний сэтгэцэд нөлөөлдөг. Спирт нь тодорхой хэмжээний сэтгэл хөөрөл, сэтгэлийн таатай байдлыг мэдрүүлдэг бол спиртээс үүсдэг хагас задралын бодис нь сэтгэл гутрал, түгшилтийг үүсгэдэг. Үүнд хамгийн их өртөмтгий хүмүүс нь эмэгтэй хүмүүс байдаг. Архинд орсон эмэгтэй хүмүүсийн дийлэнх нь сэтгэл гутралд өртсөн байдаг. Сэтгэл гутралд орсон хүн нь бусадтай харилцах, илэрхийлж чадахгүй, хаагдмал хүн болчихдог. Үүнээс гадна эрэгтэй хүн архинд орчихвол гэр бүлийн хүмүүс нь хамжаад ч болтугай гаргая гэж зүтгэдэг бол эмэгтэй хүнийг тэр чигээр нь хаячих тохиолдол бий. Нийгэм нь ч архи уусан эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийгээ дагаад туслах хүн бага байдаг болохоор эмэгтэйчүүд архинаас гарч чаддаггүй байх талтай. 

-Архинд донтох өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 
Эхний ээлжинд иргэд ажил, амралт, баяр ёслолыг зөв зохистой тэмдэглэж занших хэрэгтэй байна. Учир нь архинд зохистой хэрэглээ гэж байдаггүй. Та тухайн бодисыг хэрэглэж л байгаа бол танд тодорхой хэмжээний сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Сархад савнаасаа бусдыг дийлдэг учир архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь зохистой.

-Ярилцсанд баярлалаа. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
2
625556
33 эможи

alcoholchin
2021-09-09 12:19
Arhinaas garmaar bn ehener huuhed maani salah dree tulaad bn neg meddhed l uuchih yum bvr 7 honog uudag bolchlloo Tuslaach nadad ug ni ondor alban tushaaltai bvh l zuil bna neg medhed l uuchaad bh yum Ajlaa alddag bolloo
Монголчууд ихэнх нь яг ийм ш дээ
2021-04-18 19:13
Монголчууд бүгд архинд онтох өвчтэй юм байна. Эмэгтэйчүүд хүртэл олон хоногоор уудаг болсон
Tsetsegee
2021-04-17 16:11
Minii duu myndag shuu ajild ni amjilt xucii
Tungalag Altantsetseg
2021-04-15 23:55
Мундаг эмч болжээ ажлын өндөр амжилт хүсье
Ерөө
2021-04-15 23:11
Баттөр эмчидээ амжилт хүсье.
Иргэн
2021-04-15 21:32
Мундаг эмч юмаа. Энгийн ойлгомжтой ярьсан байна. Бага зэрэг уудаг ч шууд архинаас гартал сэдэл төрүүллээ
Иргэн
2021-04-15 17:22
Мэдээгүй байсан юм.
ЗОЧИН
2021-04-15 11:44
Ер нь Монголд архи зардаг дэлгүүрүүд дэндүү олон байна. Бас архиний градусыг багасгах хэрэгтэЙ. Одоо бүр зуслангийн дэлгүүрүүд архи зараад байна
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up