В.Баярмаа: Хөл хорионы улмаас таван хүн тутмын нэг нь СЭТГЭЛ ГУТРАЛД орж байна

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Цар тахал хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа, үүнээс хэрхэн сэргийлэх талаар СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаатай ярилцлаа.

-Цар тахал гарч, хөл хорио тогтоосноос үүдэн хүмүүс сэтгэл гутралд орох нь эрс нэмэгдсэн гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.Тэгвэл Монгол Улсад нөхцөл байдал ямар байгаа юм бол?

-Шинэ коронавирусын халдвар тархсанаар  дэлхий нийтээрээ шинэ сорилттой нүүр тулгарсан. Урт хугацааны хөл хорио, хайртай дотны хүнээсээ хол байх, тусгаарлагдах, санхүүгийн хямрал, COVID-19 халдвараар өвдөх вий гэсэн айдас, шинэ амьдралын хэв маяг зэрэг нь бидний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж стресс бухимдал, сэтгэл гутрал, түгшилт гэсэн таагүй үр дагаврыг авчирлаа.

Зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн олон оронд цар тахалтай холбоотой сэтгэл зүйн байдлыг судалсан судалгаануудаас харахад иргэдийн дунд дасан зохицохуйн эмгэг, гэмтлийн дараах стрессийн эмгэг, нойрны хямрал зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлууд илэрч байна. Манай СЭМҮТ-ийн эмч нар хатуу хөл хорионд байгаа иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын тархалтыг тогтооход сэтгэл гутрал 22.1 хувьтай  буюу таван хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай байсан.

-Хэдэн хүнийг хамруулсан судалгааны үр дүн бэ?

 -Хатуу хөл хорионд байгаа иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын тархалтыг тогтоох, сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах зорилгоор СЭМҮТ-ийн дэргэдэх залуу эмч нарын “MEDIC” багаас өнгөрсөн  оны  арваннэгдүгээр сарын 21-27-нд олон нийтийн цахим орчинд суурилан 4333 хүнийг судалгаанд хамруулан судалсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 33, 82 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь эрэгтэйчүүд байв. Хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдлыг тодруулахад 63 хувь нь гэртээ хөл хорионд, 15 хувь нь гэрээсээ ажиллаж байгаа, 15 хувь нь ажилдаа хэвийн явж байгаа гэж хариулж байсан. Судалгаанд оролцогчдын дунд сэтгэл түгшилт 20.5 хувь, сэтгэл гутрал 22 хувь, амиа хорлох бодол  болон нойргүйдэл 23 хувийн  тархалттай байсан. Дүгнэхэд  коронавирусын халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг  нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна.  СЭМҮТ-өөс 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийхэд эмэгтэй, гэр бүл салсан, ажилгүй хүмүүс илүүтэй сэтгэл гутралд өртөж байсан. Харин энэ удаагийн цар тахлын үед сэтгэл гутралын шалтгаан нь дээрх судалгаанаас харахад хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа, өрхийн орлого буурсан, өдрийн ихэнх цагийг /зургаагаас дээш цаг/ цахим орчинд өнгөрөөдөг, халдвар ажил, амьдралд нь маш их нөлөөлсөн, цар тахлын дэгдэлтэнд маш их санаа зовж байна гэж хариулсан хүмүүс сэтгэл гутралд илүүтэй өртөж байгаа нь харагдсан.

-Бид сэтгэл гутралд орсноо хэрхэн мэдэх вэ. Манай улсын иргэдийн сэтгэл зүйн талаарх ойлголт дутмаг, сэтгэл гутралд орсноо мэдэхгүй явах тохиолдол их байдаг?

-Сэтгэл гутралын үед өөртөө болон ирээдүйдээ итгэлгүй болох, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөрийгөө буруутгах, гэмших, ирээдүйгээ сөрөг байдлаар төсөөлөх, үйл хөдлөл, үг яриа удаашрах, өмнө нь  сонирхдог байсан зүйлээ тоохоо болих, хоолны дуршил буурах, нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцохоо болих, аль болох ганцаараа байхыг эрмэлзэх зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгүүд илэрдэг. Мөн манай СЭМҮТ-ийн www.ncmh.gov.mn хаягаар орж сэтгэл зүйн сорил хэсгээс сэтгэл гутралыг үнэлэх сорилоор өөрийгөө үнэлэх боломжтой.

-Сэтгэл гутралд орсноо мэдсэн тохиолдолд хамгийн түрүүнд  юу хийх вэ?

-Иргэдийн хувьд хаана, хэнд хандахаа мэдэхгүйн улмаас цаг алдах, даамжруулах явдал нэлээд байдаг. Дээр хэлсэн шинж тэмдгүүд 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэцийн эмчид хандаж тусламж аваарай.Стресс бухимдал, сэтгэл гутралаас сэргийлэх, даван туулах арга бол стресс тайлах энгийн аргуудыг эзэмших юм.

Амьсгалын дасгалыг тогтмол хийх, тогтмол цагт унтах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, өдрийн ажлаа төлөвлөх, цагаа зөв хуваарилах, өөрийн дуртай зүйлээ хийх, хоббитой байх зэрэг нь сэтгэл зүйгээ хамгаалах энгийн аргууд юм.

Мөн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, стресс тайлах ур чадварыг эзэмших сургалтыг олон нийтэд хүргэх арга замыг сайжруулан, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

-Халдвартай, хөл хорио тогтоосон гадуур гарч, хүмүүстэй уулзах боломжгүй үед хүмүүс сэтгэл зүйдээ яаж анхаарах ёстой вэ?

-Гэрийн хөл хорионд байгаа, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэл санаа тавгүй, бухимдсан үедээ манай төвийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн 1800-2000 утсанд хандан сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл авч болно.

Таагүй мэдрэмжээ ичиж, санаа зоволгүй илэрхийлж, бусдаас тусламж авахаасаа бүү санаа зовоорой. Аливаа зүйлийг эерэг талаас нь харж сурах хэрэгтэй. Хөл хорионы хугацааг нэгэн шинэ боломж гэж хараад шинэ зүйл сурах, шинэ хоббитой болох, хийж дуусгаагүй ажлаа хийж дуусгах, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах, хүүхдүүдтэй цагийг хөгжилтэй өнгөрөөх, хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, дасгал хөдөлгөөн хийх зэргээр цаг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Хэдий хөл хорионд байгаа ч гэсэн гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө цахимаар холбоотой байх нь ганцаардлаас сэргийлэхэд тустай. Хэрэв гэрээсээ ажлаа хийж байгаа бол ажил, амралтын цагаа зөв хуваарилах нь чухал.

-Сэтгэл зүйн боловсролыг хүүхэд байхаас нь олгох хэрэгтэй санагддаг?

-Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүүхэд ахуй наснаас олгох нь ирээдүйд стресс даван туулах чадвартай, сэтгэлзүйн дархлаатай, дасан зохицох чадвартай хувь хүн бий болох үндэс юм. Тиймээс СЭМҮТ нь БСШУЯ-тай хамтран 2018 оноос эхлэн ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн агуулгад сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтуудыг насны онцлогт тааруулан тусгаж, эрүүл мэндийн боловсролыг олгож байна. Жишээлбэл, бид 2019 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сургуулийн Эрүүл мэндийн багш нарыг сэтгэцийн эрүүл мэндийн сургагч багш болгон бэлтгэсэн. Мөн албан байгууллага, их, дээд сургууль, дунд сургууль, эцэг эхчүүдэд тогтмол сургалт зохион байгуулж, төвийн фейсбүүк хуудсаараа дамжуулан олон төрлийн мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Дашрамд хэлэхэд өнгөрсөн сард манай төвийн залуу эмч нарын “MEDIC” багаас иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох “COLORFUL MIND” цахим сэтгүүлийн анхны дугаарыг уншигчдын хүртээл болгосон. Сэтгүүлийг “WorldPlus” аппликэйшнээс үнэ төлбөргүй унших боломжтой. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс фейсбүүк хуудсаараа дамжуулан иргэдэд коронавируст халдварын үед сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах тухай мэдээ, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

-Засгийн газрын зүгээс ийм хүнд үед иргэдийнхээ сэтгэл зүйг дэмжихэд юу хийвэл зохистой вэ?

-Тодорхойгүй байдал гэдэг хүнд эргэлзээ, тээнэгэлзэл, бухимдал үүсгэж байдаг. Энэ удаагийн хатуу хөл хорионы шийдвэр нэг хоногийн өмнө гарсан нь иргэдийг нэлээд бухимдуулсан. Тиймээс аливаа шийдвэр болоод мэдээ, мэдээллүүд тодорхой, үнэн баттай, шийдвэрүүд хүн бүрт эрх тэгш үйлчилж байх нь чухал.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625492
0 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up