ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Арьсны хорт хавдрыг үүсгэдэг гол шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөөлөл
Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг байна. Энэ талаар АӨСҮТ-ийн арьсны мэс засал, эмчилгээний гоо заслын их эмч Д.Сүхболд дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.
Арьсны хорт хавдрыг үүсгэдэг гол шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөөлөл, янз бүрийн химийн хортой бодисуудаар арьсыг гэмтээх, арьсны хавдрын урьтал өвчнүүд нөлөөлдөг.
Үүнээс онцолбол, нарны хэт ягаан туяанд хэт өртөх нь арьсны хавдрыг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тийм учраас экваторын бүсэд ойрхон байрладаг Австрали гэх мэт улс орнуудад энэ өвчлөл маш өндөр байдаг. Харин манай улсын хувьд нарны хэт ягаан туяаны нөлөөлөл бага байдаг боловч арьсны хорт хавдрын өвчлөл цөөнгүй бүртгэгдэж байна. Үүнээс гадна гар утас, компьютер, дэлгэцийн хамаарлаас шалтгаалсан хэт ягаан туяаны нөлөөлөл нь энэ өвчнийг үүсгэх томоохон шалтгаан болох магадлалтай юм. Хүмүүсийн хэрэглээ их болсон. Тийм учраас иргэд аль болох хэрэглээ талаас зөв зохистой хэрэглэж байх хэрэгтэй.
Монголчуудын хувьд нарны тос хэрэглэж, арьсаа хамгаалах нь харьцангуй бага. Гэтэл гадаадын орнуудад нарны тос хэрэглэдэггүй хүн ховор байдаг. Нөгөөтэйгээр нарны туяа хүнийг маш амархан хөгшрүүлдэг. Тэгэхээр нарны тос нь арьсны өвчлөл, хөгшрөлтөөс давхар сэргийлдэг гэсэн үг. Түүнчлэн нарны тосоо сонгохдоо ямар туяанаас хамгаалах зориулалттай, хэдэн цагийн хамгаалалттай зэрэг заавартай нь сайн танилцаж сонгож, зөвхөн дулааны улирал гэлтгүй жилийн дөрвөн улирал зааврын дагуу хэрэглэж сурах нь чухал юм.