УГТЭ: Амралтын өдөр яаралтай 3 мэс засал хийгдэж, 292 хүн хэвтэн эмчлүүлж байна
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өнөөдрийн байдлаар буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр нийт 292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 40 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Өчигдөр буюу бямба гарагт яаралтай гурван мэс засал амжилттай хийгджээ. Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Түүнчлэн УГТЭ нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн УНТЭ-тэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 250-300 иргэнд урологийн бүх төрлийн мэс заслын тусламжийг үзүүлжээ.
Монгол Улсад бөөр, шээсний замын өвчлөлийн тэргүүн эгнээнд бөөр шээсний зам чулуужих өвчин, эрчүүдийн түрүү булчирхайн эмгэг, бөөр шээсний замын хавдрын эмгэгүүд ордог байна.