Хүүхдийн түлэгдлийн үед донор арьс нөхөх мэс заслыг даатгалаас бүрэн хариуцдаг боллоо
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны нэгдүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.
Уг тогтоолд түлэнхийн өндөр өртөгтэй эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгажээ. ГССҮТ-ийн сүүлийн гурван жилийн судлагаагаар 0-5 насны нийт 11 мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авсан байна.
2019 онд түлэгдсэн шалтгаанаар 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд орсон. Тэдгээрийн дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгддэг. 0-5насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлтийн шалтгаан нэн тэргүүнд бичигддэг байна. Түлэгдэлт нь бага насны хүүхдийн амь насанд шууд нөлөөлдөг.
Түлэгдэлтийн үед эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийгддэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртөгөөр авдаг байсан бол одоо эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй ХҮҮХДИЙН ТҮЛЭНХИЙН МЭС ЗАСАЛД ДОНОР АРЬС НӨХӨХ мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх “БАТЛАМЖ”-ийг тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өглөө.