Драмын театрын кластераас ХАЛДВАР АВСАН хүний тоо 113 хүрчээ
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллалаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн болон ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийнхөн энэ үеэр коронавирусний нөхцөл байдал, тандалтын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "2020 оны 10-р сарын 11-нээс хойш коронавирусний халдварын тархалтын улмаас Монгол Улс 31, 18, 12 хоногийн хугацаанд тус тус нийт гурван удаа хөл хорио тогтоосон. Үүний үр дүнд халдварын тархалтыг тогтворжуулж чадсан.
Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байгаа. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе одоо тохиож байна.
Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 81 кластер (голомт) байна. Үүнээс 19 нь хянагдаж дууссан. Хяналтад орсон 21 кластер бий. Яг одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байгаа. Дараагийн 14 хоногийн дараа өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна гэж гарсан.
Хамгийн анхаарал татаж байгаа кластераар Драмын театртай холбоотой кластерыг нэрлэнэ. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамарсан буюу өнөөдрийн байдлаар 450 орчим ойрын хавьтал бүртгэгдээд байна. Тодруулбал, Драмын театрын тус кластераас өнөөдрийн байдлаар 113 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. " гэлээ.