Вакцинжуулалтын эргэн тойронд
Монгол Улсад COVID-19 эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас хойш үргэлжилж байна. Иргэдээ вакцинжуулалтад уриалж Энэтхэгээс ирсэн AstraZeneca вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулсан бол БНХАУ-аас хүлээн авсан Синофарм вакциныг хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан нар хийлгэснээ өчигдөр зарлалаа. БНХАУ-аас 300 мянган тун ирсэн Синофарм вакциныг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй учир иргэдийг хамруулахыг хойшлуулаад байсан юм.
Б.Жавхлан: Дархлаажуулалтыг яаравчлах нь чухал
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалтын талаар мэдээлэл өглөө.Тэрээр "Дархлаажуулалтыг хурдасгах нь хамгийн чухал тулгамдсан асуудал боллоо. Тиймээс худалдан авах вакцинуудын төлбөрийг бэлтгэн, гэрээгээ байгуулаад дуусах шатандаа явж байна.Олон нийтийг дархлаажуулах вакцин ойрын хугацаанд орж ирнэ. Хорио цээрийн дэглэмээ цуцалж, хэвийн амьдралдаа шилжлээ. Дахин хөл хорио тогтоох эсэх нь хувь хүний хариуцлага, халдвар хамгааллын дэглэмээс хамаарна. Тиймээс ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж байх нь хамгийн чухал" гэсэн юм.
“Вакцин тариулснаас 40-өөд хоногийн дараа дархлаа тогтоно”
УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд вакцины асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гааль болон зорилтот бүлгийн хүн амыг COVID-19 эсрэг вакцинд хоёрдугаар сарын 23-наас хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 30100 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Вакцинжуулалтын үйл ажиллагаатай танилцах үеэр зөвхөн AstraZeneca вакциныг хийж байсан. Харин өнөөдрөөс вакцины төрлийг нэмэгдүүлсэн байна. Хувийн хэвшлийн “Интермед” эмнэлэгт ОХУ-ын Спутник V вакциныг хийж эхэллээ. Түүнчлэн БНХАУ-ын Синофарм вакциныг хийж эхэлсэн. Ингэснээр гурван төрлийн вакцин хийж эхэлсэн байна. Дархлаажуулалтын хуульд олон улсын байгууллагаар баталгаажсан, эсвэл хатуу нөхцөлтэйгээр эм бүртгэдэг оронд бүртгүүлсэн байвал ашиглаж болно гэж заасан байдаг. Вакцин тариулснаас хойш 40-өөд хоногийн дараа дархлаа үүсч байгаа учир түүнээс өмнө халдвар авах эрсдэлтэй. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг сайжруулах зорилгоор 21:00 цагаас хойш олон нийтийн газруудыг ажиллуулахгүй байх асуудлаар УОК-ын даргатай уулзана. Халдварын хурдыг бууруулах зорилгоор арга хэмжээ авах шаардлагатай. Гэхдээ бүтэн хөл хорио биш гэдэг тал дээр саналаа хэлнэ” гэсэн юм.
Мөн тус Ажлын хэсгээс цахим дархлаажуулалтын пасспортыг нэвтрүүлэх, вакцины захиалга, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох,иргэдэд олон төрлийн вакциныг сонгож хийх боломж олгох, нэг хүнд үйлчилж байгаа 40-50 минутын хугацааг багасгах санал гаргалаа.
“Вакцинд хамрагдсан иргэдийн 49 хувьд нь хариу урвал илэрсэн”
Манай улс хүн амынхаа 60 хувийг долдугаар сардаа багтаан вакцинжуулж дуусгахаар зорьж байна. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулна гэдгээ Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 09-нд мэдээлсэн. Энэ хүрээнд нийслэлд 45 цэгт мягмар гаригт 9470 хүнийг вакцинжуулсан бол өчигдрийн 13:00 цагийн байдлаар худалдаа үйлчилгээний байгууллагын 6716 ажилтан вакцинд хамрагдлаа.
Вакцины хариу урвал болон анхаарах зүйлсийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Бүрэн тунгаа хийлгэснээр дархлаа тогтоно. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай.Вакцины зааварт тусгасан зааврыг дагаж мөрдөнө. Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахгүй. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бүрэн тунгаа авч амжих эсэхээ эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх үгүйгээ шийднэ. Гэхдээ одоо манай улсад хийж байгаа AstraZeneca вакциныг хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хийж болно. Одоогоор вакцин хийлгэсний дараа ноцтой урвал, хүндрэл мэдээлэгдээгүй. Вакцинд хамрагдсан нийт хүний 60 хувьд нь халуурах шинж тэмдэг, 40-50 хувьд нь хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрдэг. Манай улсын вакцинд хамрагдсан иргэдийн 48.8 хувьд нь дээрх хариу урвал илэрч байна” гэсэн юм.
ЭМЯ: 109 хүнээс халдвар илэрснээс таван хүний эх үүсвэр тодорхойгүй
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.03.10/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гаригт 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 109 хүнээс халдвар илэрчээ. Энэ нь өнөөдрийн байдлаарх манай улсад нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 11170 хүнд шинжилгээ хийхэд 109 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо 3481 болсон. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг харвал, Чингэлтэй дүүргийн VI хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдлээ. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдварын тохиолдол нэмэгдэж байна. Мөн аймаг орон нутаг руу халдвар голомтлон гарч байгаа. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд өссөн дүнтэй байна” гэж ярилаа. Сүүлийн хоногт 32 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүнйй тоо 2797 боллоо. Нийт 668 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 615, хүндэвтэр 46, хүнд дөрөв , маш хүнд гурван хүн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.11 ПҮРЭВ № 47 (6524)