АӨСҮТ: Ургамлын харшлын эсрэг тариа гэж байхгүй, угтуулах эмчилгээг энэ сардаа эхлүүлэх хэрэгтэй
Монголчуудын хувьд хамгийн түгээмэл тохиолддог харшил нь ургамлын харшил юм. Ургамлын харшил нь жил бүрийн 4-9 саруудад үргэлжилдэг бөгөөд эдгээр саруудаас бусад үед эмчилгээ хийлгэх, сорил тавиулж, харшлаа тодорхойлуулаад харшилтай зүйлсээсээ зайлсхийх хэрэгтэй.
Зовиур нэгэнт илэрсэн бол хувийн хамгаалах хэрэгсэл болох малгай, бээлий, маск, нүдний шилийг зүүж хэвших хэрэгтэй. Өглөөний 04:00-10:00, оройны 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс ургамлын гаралтай харшилтай бол энэ цагуудад аль болох гадуур явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн бороо орсны дараа нар гарсан үед ургамлын тоос их дэгддэг. Тэр үеэр ч гэсэн гадуур явахгүй байх, цонх хаалгаа битүүлж хаах хэрэгтэй. Ургамлын тоос нь хүний бие, хувцсан дээр наалддаг тул гаднаас орж ирээд боломжтой бол усанд орох, ам хоолойгоо зайлах, хувцсаа тайлж далд шүүгээнд хийх хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж элдэв тоосыг шүүж болно.
АӨСҮТ-д “Шарилжны вакцин” нэртэй угтуулж хийдэг эмчилгээ байдаг бөгөөд тус вакцин нь тарилга биш хамрын цацлага ажээ. Тус цацлагыг дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн долдугаар сарын 5-ны өдөр хүртэл 90 хоногийн турш схемийн дагуу хамартаа цацаж хэрэглэнэ. Тус цацлагын найрлагад шарилжны харшил төрүүлэгч бодис агуулсан учраас тухайн хүнийг харшил төрүүлэгчид дасгах хэлбэрээр эмчилгээг хийж байна гэсэн үг. Арьс хатгах сорил, амьсгалын панелын шинжилгээгээр зөвхөн шарилжинд харшилтай нь тогтоогдсон бол уг эмчилгээг эхлүүлдэг.
ШИНЖ ТЭМДЭГ:
Ургамлын харшлын түгээмэл шинж тэмдэг нь нүд загатнах, улайх, нулимс гоожих, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, шингэн нус гоожих, найтаалгах юм. Ургамлын харшилтай хүнд солбилцох урвал гэх зүйл явагддаг. Тэр нь хус модны тоосонд харшилтай хүмүүс модонд ургадаг алим, лийр,тоор зэрэг жимсийг идвэл хариу урвал илэрч болдог. Шарилжны харшилтай хүмүүс айраг саам уух, түүхий өргөст хэмх,улаан лооль, тарвас идэх үеэр урвал илэрч болдог. Хэрэв харшил хүндэрвэл амь насаа ч хоромхон зуурт алдах эрсдэлтэй.
“Харшилаас урьдчилан сэргийлэх вакциныг одоогоор дэлхий дахинд гаргаагүй байна”