АӨСҮТ: Харшлын эм уусан, өвчний шинж тэмдэг илэрсэн, зовиуртай үед харшлын СОРИЛ тавихгүй, ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

2021 оны 3 сарын 09

АӨСҮТ нь харшлын төрлөөр үйлчилгээ үзүүлдэг улсын төрөлжсөн ганц эмнэлэг бөгөөд харшил эхлэх улирлыг угтан шинжилгээ өгч, эмчилгээг эхлүүлэхийг ард иргэдэд уриалж байна. Хэрэв та ямар харшилтайгаа мэдэхгүй яваа бол АӨСҮТ-д хийгдэж буй хоёр төрлийн шинжилгээнээс сонгож өгөх боломжтой юм. 

Эрүүл мэндийн даатгалаар хийгдэх арьс хатгах сорилыг өгснөөр нэг удаадаа 10 төрлийн харшлыг тогтоодог. Үүнд амьсгалын замын харшил төрүүлэгчид болох ургамлын тоос, амьтны үс ноос, гэрийн болон агуулахын тоос, мөн хоол хүнсний харшлыг тогтооно. Тус сорилыг гарын шуун дээр хийдэг учир хэд хэдэн хориглох заалттай. Өвчний шинж тэмдэг илэрсэн хурц зовиуртай байгаа үед, 6-с доош насны хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд, жирэмсэн, астматай зовиур илэрсэн үед, арьсаар тууралт гарсан үед тус сорилыг хийх боломжгүй. Учир нь тус сорил нь тухайн хүний зовиурыг улам нэмэгдүүлэх, сорилын хариу хуурамч эерэг гарах магадлалтай байдаг аж.

Үүнээс гадна сорил тавиулах үедээ харшлын эмийг сүүлийн 72 цаг уугаагүй байх, мөн харшлын эсрэг дааврын  тарилга /дексаметазон/ дор хаяж 14 хоног хийлгээгүй байх хэрэгтэй. 

Үүнээс гадна та бүхэн АӨСҮТ-өөс төлбөртэй хийгддэг хүнсний панел, амьсгалын панел, холимог панель гэсэн гурван төрлийн цусанд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээг хийлгэх боломжтой. Уг шинжилгээний хувьд ямар нэгэн эсрэг заалт байхгүй, цуснаас шинжилгээ авч, лабораторийн орчинд шинжилдэг учраас хариу алдах, хариу урвал суларна гэсэн асуудалгүй.

Амьсгалын панель шинжилгээгээр амьсгалын замын харшил төрүүлэгч болох ургамлын тоос, гэрийн тоос, амьтны үс ноос, тасалгааны хөгц, мөөгөнцөр зэрэг 20 төрлийн  харшлыг тогтоодог бол хүнсний панел шинжилгээгээр хамгийн түгээмэл харшил төрүүлэгч 20 төрлийн хүнсний харшлыг тогтоох юм байна. 

Бага насны хүүхдүүдийн хувьд дээрх тусгай багцаас сонгож  шинжлүүлэх нь илү үүр дүнтэй талаар мэргэжлийн эмч зөвлөлөө. АӨСҮТ нь өглөө 08:00-10:00 цагийн хооронд шинжилгээ авдаг бөгөөд эхний ээлжинд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваад аль төрлийн шинжилгээг өгөх хэрэгтэйгээ мэдэх нь чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624343
0 эможи

keyboard_arrow_up