Д.МӨНГӨНТҮЛХҮҮР: Ирэх сараас харшлын үе эхэлнэ. Тиймээс өмнө нь буюу энэ сардаа сорил шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй

2021 оны 3 сарын 09

Arslan.mn-Удахгүй харшлын үе эхлэнэ. Харин харшлын сорилыг өмнө нь буюу гуравдугаар сардаа тавиулах шаардлагатай байдаг гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ургамлын тоосны харшлын ид үе нь жил бүрийн 4-9 дүгээр сарын хооронд ургамал тоосоо агаарт цацах үед үргэлжилдэг. Тиймээс иргэд харшлын зовиур нь эхлэхээс өмнө үзлэгт орж сорил тавиулснаар ямар төрлийн харшилтай вэ гэдгээ тодорхойлуулж, өөрт тохирсон зөв эмчилгээгээ эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ нь зардал, цаг хугацаа хэмнэх олон талын ач холбогдолтой. Иргэдийн дунд харшлын үе эхлэхээр сорил тавиулдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг учраас эмчилгээгээ оройтуулах, хугацаа алдах тохиолдлууд их байдаг. Тиймээс албан ёсны эх сурвалжаас нь тогтмол мэдээлэл, зөвлөгөөг авч байхыг зөвлөж байна.

-Учир нь -Иргэд юунаас харшилтай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

-АӨСҮТ-ийн хувьд улсын төрөлжсөн ганц төв. АӨСҮТ нь харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг. Үүний нэг нь Эрүүл мэндийн даатгалаар хийгдэх арьс хатгах сорил шинжилгээ юм.Тус сорилоор нэг удаадаа 10 төрлийн харшлыг тогтоодог. Үүнд амьсгалын замын харшил төрүүлэгчид болох ургамлын тоос, амьтны үс ноос, гэрийн болон агуулахын тоос, мөн хоол хүнсний харшлыг тогтооно. Тус сорилыг гарын шуун дээр хийдэг учир хэд хэдэн хориглох заалттай. Өвчний шинж тэмдэг илэрсэн хурц зовиуртай байгаа үед,6-с доош насны хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд, жирэмсэн, астматай зовиур илэрсэн үед, арьсаар тууралт гарсан үед тус сорилыг хийх боломжгүй. Учир нь тус сорил нь тухайн хүний зовиурыг улам нэмэгдүүлэх, сорилын хариу хуурамч эерэг гарах магадлалтай байдаг.

Үүнээс гадна чухал зүйл бол сорил тавиулах үед харшлын эм буюу иргэд хамгийн их хэрэглэдэг хлорфенамин, кетотифен, цетиризин гэх мэт эмийг сүүлийн 72цаг уугаагүй байх,мөн харшлын эсрэг дааврын  тарилга /дексаметазон/ дор хаяж 14хоног хийлгээгүй байх хэрэгтэй. Эм нь хүний биед илрэх хариу урвалыг сулруулчихдаг учраас сорилын хариу буруу гарах магадлал өндөр. Арьс хатгах сорил шинжилгээ нь ЭМД-аар үйлчилдэг учраас үнэ төлбөргүй хийгддэг.

“Харшилыг тодорхойлох олон талын шинжилгээнүүд бий болсон. Энэ нь эмчилгээг илүү үр дүнтэй болгож байна”

-АӨСҮТ мөн цусаар харшлын шинжилгээ авдаг гэж байсан. Энэ төрлийн шинжилгээ нь ямар давуу талуудтай вэ? 

Манай эмнэлэг хүнсний панел, амьсгалын панел, холимог панель гэсэн гурван төрлийн цусанд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээг төлбөртэй хийдэг. Уг шинжилгээний хувьд ямар нэгэн эсрэг заалт байхгүй учир хэн ч өгч болно. Цуснаас шинжилгээ авч, лабораторийн орчинд шинжилдэг учраас хариу алдаатай гарна, эм уучихаар хариу урвал суларна гэсэн асуудалгүй.Амьсгалын панель шинжилгээгээр амьсгалын замын харшил төрүүлэгч болох ургамлын тоос, гэрийн тоос, амьтны үс ноос, тасалгааны хөгц, мөөгөнцөр зэрэг 20 төрлийн  харшлыг тогтооно. Хүнсний панел шинжилгээгээр хамгийн түгээмэл харшил төрүүлэгч 20 төрлийн хүнсний харшлыг тогтооно. Хүмүүс ихэвчлэн сорил шинжилгээ өгөөд л өөрийнх нь бүх харшил тодорхой болно гэж боддог нь буруу ойлголт юм.Уг шинжилгээгээр зөвхөн шинжилгээний багцад орсон 20 төрөл зүйлийн харшил л илэрнэ,багцад ороогүй өөр зүйлсэд харшилтай бол энэ сорилоор оношлогдохгүй гэсэн үг.

-Бага насны хүүхдүүд юунаас харшилж байгааг хэрхэн мэдэх вэ?

Дээрх 3 багцаас сонгож  шинжлүүлж болно.Эдгээр багц шинжилгээнүүд тус бүр нь зуун мянган төгрөгийн өртөгтэй хийгддэг. АӨСҮТ нь өглөө 08:00-10:00 цагийн хооронд шинжилгээ авдаг бөгөөд эхний ээлжинд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваад аль төрлийн шинжилгээг өгөх хэрэгтэйгээ мэдэх нь чухал.

“Хэтэрхий цэвэр цэмцгэр байх нь хүүхдийн дархлааг муутгаж, харшил үүсэх нөхцөл үүсдэг”

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн харшил нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдийн харшлын зонхилох шалтгаан нь юу байдаг вэ?

-Миний хувьд өдөртөө 40-50 хүнд үзлэг хийдэг. Үүний дийлэнхийг хүүхдүүд эзэлдэг. Хүүхдүүдийн хувьд түгээмэл байгаа өвчлөл Атопийн дерматит буюу диатез байна. Харшилтай ээж, ааваас хүүхэд төрсөн бол харшламтгай байх магадлал 75 хувь байдаг. Тэгэхээр ээж хүүхдээ хөхөөр хооллож байх үедээ хэрэглэх хүнсний бүтээгдэхүүндээ  анхаарах хэрэгтэй гэсэн үг. Хэтэрхий их боловсруулсан, химийн найрлагатай, лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн, элдэв янзын өнгө, будагтай хоол амтлагч, цитрусын төрлийн буюу мандарин, ананас, апелсин, чацарганыг болж өгвөл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өндөг, сүү, гурилан бүтээгдэхүүн нь харшил өгдөг топ 10 хүнсний эхний гуравт жагсдаг. Эдгээр хүнсийг тохируулах хэрэгтэй.

Өвөл агаарын бохирдол утаа, гэрт нь тамхи татдаг хүн байвал дам тамхидалтанд өртөх нь харшил үүсэх шалтгаан нөлөө болно. Үүнээс гадна орчин үед хүүхдүүд гэртээ л байх сонирхолтой, эцэг эхчүүд ч гэсэн тийм л бодолтой болсон байна.Хүүхдийн дархлаа тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварт өвчнөөр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр сүүлийн үеийн  амьдралын хэв маягаар амьдрахын хэрээр хүний биед орох байгалийн ашигтай халдварын хүчин зүйлс тухайлбал, нян, шимэгч, мөөгөнцөрийн хэмжээ нь багасаад ирэхээр хүний дархлаа тогтолцооны гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөж халдварын биш ургамлын тоос, амьтны үс ноос, хоол хүнсний зүйлийн эсрэг хэт хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж харшилтай болж байна. Хэтэрхий цэвэр, цэмцгэр байх, байнга хүчтэй бодисоор ариутгал цэвэрлэгээг хийж ашигтай бактертай харьцах орчныг шууд устгаад байх нь харшилтай болоход нөлөөлнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624342
0 эможи

keyboard_arrow_up