COVID-19: ТАРХАЛТЫГ ХУМИХЫН ТУЛД ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЬЕ

2021 оны 3 сарын 09

Дотоодод COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш  дөрвөн сар орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай улсад батлагдсан нийт тохиолдол энэ сарын 8-ны 11:00 цагийн байдлаар 3336 болж, дөрвөн хүн нас барав. Улсын хэмжээнд энэ сарын 5-нд 77 хүнээс халдвар илэрч хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ хэмээн ЭМЯ зарлаж байсан бол өчигдөр 108 хүнээс халдвар илэрсэн нь өнөөгийн байдлаарх Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Үүний хоёр нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор, нэг нь Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн буюу зөөвөрлөгдөн орж ирсэн  байна. Харин үлдсэн 105 нь Улаанбаатарт бүртгэгдсэнээс 54 халдвар нь УДЭТ-ын голомттой холбоотой байна. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм. Үүнээс гадна Төв аймагт дөрөв, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдээд байна.

 Нийслэлд нийт 1905 хүн дээрх халдваруудын ойрын хавьтал болсон. Хоёр дахь хавьтал болсон 78 хүнтэй холбоотойгоор 258 хүн хяналтад байна. Ийн халдвар  эрчтэй нэмэгдсэн нь сүүлийн үед иргэд үүрэг хариуцлагаа сулруулсантай холбоотой юм. Энэ талаар доктор А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 3-6-нд УДЭТ-т жүжиг үзсэн 900 гаруй хүн бий. Тэдний ойрын болон хоёр дахь хавьтлууд гарч ирнэ. Тиймээс тухайн өдрүүдэд болсон тоглолтыг үзсэн хүмүүс зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой. Өдөрт 60-100 тохиолдол бүртгэгдэж байгаа нь бид халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэйг сануулсан дохио. Тиймээс хүн бүр амны хаалтаа зүүж, аль болох олон хүн цугларсан газраар явахгүй байхад анхаарч, үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Халдварын тоо нэг өдөрт 100 хол давсанд  иргэд бухимдаж байна. Гэвч халдвар тархсан шалтгааныг судалж үзвэл хувь хүн болон тухайн байгууллагын хариуцлагагүй, хэнэггүй байдал, халдварыг үл тоосон хандлагатай холбоотой байна. Тухайлбал, PCR шинжилгээний хариу сөрөг гарсан учир эрүүл гэж бодон, оршуулгын үйл ажиллагаанд оролцож, золголт хийж, гадуур явснаас болоод өвчлөлд өртөх, бусдад тараах эрсдэл ихэслээ. Мөн Төв аймагт халдвар авсан хүн шинжилгээний хариу гараагүй байхад зорчсон байна. Эдгээр ойрын жишээнээс үзэхэд халдвар хурдан хугацаанд ихээр тархсан нь иргэний хариуцлагатай 100 хувь холбоотой. Тиймээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө шаардлагагүй үед гадуур гарахгүй, олныг хамарсан тоглолт, үйл ажиллагаанд оролцохгүй, олон нийтийн газраар зорчихгүй байж халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь чухал юм. Тархалт буурч, хэвийн амьдралдаа хэзээ шилжих нь Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаанаас бус иргэн таны ухамсар, хариуцлагаас хамаарна. Тиймээс иргэний хариуцлагаа нэмэгдүүлж, бусдын болон өөрийн эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахья.

Дэлхийн хэмжээнд улс орнууд тархалтыг амжилттай дарж, халдварын тоо буурч эхэллээ.  Халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д тархалт болон нас баралт буурч байна. Тухайлбал, энэ сарын 7-нд тус улсад 40337 хүн халдвар авсан нь 14 хоногийнхоос 12 хувиар, мөн өдөр 687 хүн нас барсан нь 10 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 30 хувиар буурсныг нь онцолж байна. Харин ОХУ-д ням гаригт 10595 хүнээс халдвар илэрсэн нь өдөрт 30 мянга орчим халдвар бүртгэгдэж байсан арванхоёрдугаар сартай харьцуулахад өдөр ирэх тусам халдварын тоо буурч байгаагийн илрэл юм. Тус улсад нийт 4.3 сая хүн  халдвар авснаас 90.5 хувь нь эдгэрчээ. Мөн тархалтаараа тэргүүлж байгаа Энэтхэг, Англи, Ипсани улсад халдвар буурчээ. Харин Бразил улсад халдварын тоо огцом нэмэгдэж, долоо хоногийн дундаж халдвар 66 мянга байсан бол энэ сарын 7-нд 80508 хүнээс халдвар илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд 117.4 сая хүн халдвар авч, 2.6 сая хүн нас баржээ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624332
0 эможи

keyboard_arrow_up