Улаанбаатараас Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон 15 хүний нэгийнх нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ
Улаанбаатар хотоос Архангай Чулуут суманд очсон 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, зургаан автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэн аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын хамгаалалтад явуулжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотоос кино зураг авалтаар очсон UBS телевиз болон УЭДТ-ын 15 уран бүтээлч ирснээс нэгнийх нь шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж ажиллажээ.
"Тус 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн бөгөөд батлагдсан тохиолдлын иргэнийг Яармаг 300 ортой тусгай эмнэлэгт хүргэж, нэн ойрын хавьталын иргэдийн сорьцыг ХӨСҮТөвийн вируслогийн лабораторид хүлээлгэн өглөө. Шинжилгээний хариу маргааш буюу 03-р сарын 08-ны өглөө гарна. Шинжилгээний хариу гартал зөвхөн Чулуут сумын орох гарах хөдөлгөөнийг хаасан тул эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд автаж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл байршуулахгүй байхыг хүсье" хэмээн Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Мөн Нэгдүгээр хавьтагч болон дам хавьтагчийг тогтоож зураглалыг гаргаж ажиллахад 14 иргэн нэгдүгээр хавьтагчаар, дам хавьтагчаар 20 иргэнийг тогтоож тусгаарлалтад аван ажиллаж байгаа аж..