Л.Жавхлан: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг
СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ"сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын багийн эмч, сэтгэл засалч Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна. Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас унтах, амрах, идэх хэмнэлийн горимд өөрчлөлт орсонтой холбоотой хүмүүс өдөрт шаардлагатай хугацаанд нойроо авч чадахгүй байгаатай шууд холбоотой болж байна.
Нойр гэдэг нь бие организм өөрийгөө болон мэдрэлийн эсээ амрааж буй байдал. Тэгэхээр бидний “нойрсож амрах” гэдэг үйл явц тодорхой хэмжээнд алдагдсанаараа бид бүхний бүтээмжит үйл ажиллагаа алдагддаг. Жишээ нь. Ажлын цагаар бүтээмж алдагдах, төвлөрч чадахгүй байх, шинэ санаа, хүсэл эрмэлзэл буурах зэрэг олон зүйлсүүд нойргүйдэлтэй холбоотой байх магадлал өндөр байдаг.
Нойргүйдэл үүсэх олон төрлийн шалтгаанууд байдаг.
Голцуу дадал үйлдэлтэй холбоотойгоор:
Хүний наснаас хамаараад унтах цаг харилцан адилгүй. Бага насны хүүхдүүд илүү олон цагаар унтдаг байхад нас ахих тусам унтах цаг бага болдог байна.
Нойргүйдлийг сэтгэл зүйн маш том өвчин гэсэн ойлголтууд түгээмэл байдаг. Гэтэл энэ нь олон шалтгаантай байдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй. Үүнд биеийн болон сэтгэл зүйн талаас нөлөөлнө. Биеийн талаас гэмтэл бэртэл, архаг хууч өвчнүүд нөлөөлдөг байхад сэтгэл зүйн талаас сэтгэцийн тулгамдсан асуудал (сөрөг стресс, айдас, түгшүүр, OCD, сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицолтын өөрчлөлтүүд гэх мэт), сэтгэцийн өвчин (F оношоор оношлогдсон), хувь хүний дадал үйлдэл зэрэг хүчин зүйлсүүд багтана.
Нойргүйдэл нь эргээд бие махбод болон сэтгэл зүйдээ сөргөөр нөлөөлдөг. Ковидоос үүдсэн айдас түгшүүрээс илүүтэйгээр хувь хүний дадал хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор унтаж амрах болон ачаалах үйл явц нь өөрөө өөрчлөгдөөд байгаа.
Хүний нойрсох цаг харилцан адилгүй ч бид шөнийн нойрыг зайлшгүй авах шаардлагатай. Өнөөдрийн нойрыг маргаашын нойроор нөхөж болдоггүй учраас тухайн өдрөө шөнө унтаж амрах нь маш чухал байдаг.
Хөл хориотой холбоотойгоор бидний унтах цаг аажмаар өөрчлөлтөд орж байгааг бид анзааралгүй явсаар эрт сэрэх шаардлагатай болсон тэр үедээ эсвэл шалтгаангүй бие ядарч сульдаж байгаа нөхцөлд л ажиглаж эхэлдэг байна.
Оройтож унтах хэмнэлийг аажимдаа дадал болгосон шигээ аажим аажмаар эрт унтаж амардаг дадалтай болно. Харин шууд л хэмнэлээ нэг өдөр гэнэт огцом өөрчлөх нь тухайн хүндээ ч нилээн төвөгтэй асуудал болдог.
Нойрыг бүтцээр нь олон төрөлд ангилдаг.
Хөнгөн нойр (Rem sleep): Амархан унтаж, амархан сэрэх өөрөөр хэлбэл маш сэргэг унтахыг хэлнэ. Хөнгөн нойрноос аажим аажимдаа гүн нойр луу шилждэг.
Гүн нойр (Non-rapid eye movement sleep): Орчноо мэдрэх байдал нь харьцангуй бага, маш бат бөх унтах нь тодорхой хугацаанд үргэлжлэхийг гүн нойр гэнэ. Тус бүрдээ ач холбогдолтой.
Хөнгөн нойр авч чадвал бидний сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг бол хөнгөн нойр авч чадахгүй байгаа үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог.
Гүн нойрыг хангалттай авч чадахгүй бол бидний бие махбод ядарч сульддаг. Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг.
Гүн болон хөнгөн нойрны аль алийг нь авч байх шаардлагатай.
Нойр хүрэхэд унтаж амрахгүй л бол таны гүн нойрны хугацаа өнгөртөл таны нойр сэргэг байсаар байх болно. Таны бие ядарсаар байх болно.
Товчхондоо зөвлөхөд шөнө л сайн унтаж амарч байх хэрэгтэй. Өдөр болж өгвөл ачаалж байх хэрэгтэй. Өдрийн идэвх багатай цагаараа бага зэргийн хөнгөн нойр авах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.
Ялангуяа Азийн орнууд япон Солонгос хятад зэрэг улс орнууд цайны цагаар нь унтаж амрахыг зөвлөдөг. Энэ нь хөнгөн нойр авах хугацаа бөгөөд тухайн хүний сэтгэл зүй тогтвортой болж тархи амран илүү бүтээмжтэй ажиллахад тустай юм.Нойр гэдэг бол таны амьдралын тодорхой хэмжээний буюу нилээн том орон зайг эзэлдэг дадал үйлдлийн нэг чухал хэлбэр юм. Зөв цагт зөв дадлийг хэвшүүлэх нь таны ирээдүй болон ирээдүйн бүтээмжид сайнаар нөлөөлнө.