А.Амбасэлмаа: “AstraZeneca“ вакцины 2 тунг хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа хүний биед дархлаа тогтоно
Коронавирусын акциныг хийлгэснээс хойш хэр хугацааны дараа дархлаа тогтох талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
"Дархлаажуулалтын нэг дэх тун 70, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь хамгаална"
Тэрбээр "Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална гэсэн мэдээлэл бий. Харшилтай, өндөр халуунтай болон халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй. 18-наас доош насныханд вакцин хийхгүй учраас халдварт илүү өртөж байгаа 40-өөс дээш насныхныг дархлаажуулалтад хамруулах нь хүүхэд халдвар авах эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.
Эхний ээлжид
- эрүүл мэндийн байгууллага,
- онцгой байдал,
- цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.
Коронавирусийн эсрэг вакцин тариулснаас хойш хэр хугацаанд халдвараас хамгаалах тухай баттай мэдээлэл хараахан гараагүй байна.
Өнөөдөр манай улс хүлээн авсан 150 мянган тун вакцинийг нэг хүнд хоёр тун хийнэ гэж тооцоход 75 мянган хүнийг дархлаажуулах боломжтой. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ. Хоёр тунг хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа дархлаа тогтоно гэсэн мэдээлэл бий. Шинэ вакцин тул судалгаа хийсээр байна" гэсэн юм.