О.Дашпагма: Коронавирусийн эсрэг вакциныг жирэмсэн болон бага насны хүүхдүүдэд хийхгүй
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "ДЭМБ-аас Pfizer, Астразенека вакциныг хэрэглээнд зөвшөөрсөн. Манай улс эдгээр вакциныг эхний ээлжинд оруулж ирнэ. Ингэхдээ вакцин болгон хэрэглэх заавартай ирдэг. Үүнээс үүдэж ямар хүмүүст вакцин хийхгүй байх вэ гэдгийг мэддэг. Мөн ерөнхий эсрэг заалт гэж байна. Тухайн хүн халуунгүй, эрүүл байх ёстой.
Pfizer вакцины хэрэглэх заалт дээр эм болон эмийн урвалч бодисын харшилтай хүнд хийхийг хориглосон байна. Мөн одоогийн бүтээсэн вакциныг жирэмсэн эхэд хийж болохгүй. Одоогоор судалгаа хангалттай биш байгаа болохоор хэрэглэхийг зөвлөхгүй байгаа.
Тиймээс эхний ээлжинд ирэх вакциныг жирэмсэн болон бага насны хүүхдүүдэд хийхгүй. Мөн коронавирусээр өвдөөд эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа.
Хэн коронавируст хамгийн их өртөж байгаагаар зорилтот бүлгийг эрэмбэлэн дарааллуулдаг. Манай улсад эрэмбэлэхдээ эрүүл мэндийн байгууллагынхныг тэргүүн эгнээнд вакцинд хамруулна. Дараагийн ээлжид цар тахалтай тэмцэж байгаа бусад салбарын алба хаагчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор хийнэ. Дараагийн удаад халдварт өртөж байгаа нас, хүндрэлтэй холбоотой вакцины заавар зөвлөмжийг дагана.
Вакцинжуулснаар тухайн хүнийг халдвараас сэргийлээд зогсохгүй, халдварыг хумих боломжтой." гэлээ.