Академич П.Нямдаваа: Вакцин нь халдварт өвчнийг таслан зогсоох “ЧУХАЛ ЗЭВСЭГ“
Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, академич П.Нямдаваа өчигдөр /2021.02.16/ орой вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр” Вакцин уудаг, тариулдаг, хамраар татдаг янз бүр байна. Вакциныг тухайн өвчний үүсгэгчээс гаргаж авдаг. Хамгийн анх хүн төрөлхтөн цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гаргаж авч байсан. 1920 оны дундаас хуучин ЗХУ-ын эмч нарын тусламжтайгаар шинэ үеийн анагаах ухаан хөгжиж, цагаан цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн. Тус өвчний эсрэг вакцин нэвтрүүлснээр ойролцоогоор 1 сая гаруй хүний амь насыг аварсан. Ингээд цагаан цэцэг өвчин манай улсад 1940-өөд оноос хойш огт гараагүй. Гэтэл хүчирхэг эдийн засагтай АНУ, Япон, Хятад, Энэтхэгт цагаан цэцэг өвчин гарсаар байсан. Вакцин нь халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх маш чухал зэвсэг юм.
Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал зэвсэг гэсэн үг. Вакцинжуулалт эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.
Товлолын дагуу дархлаажуулж эхэлснээр манай улс ихээхэн амжилт гаргасан. Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. ХӨСҮТ вакцин хадгалах том агуулахтай.
Манай улс вакцинжуулах дэд бүтэц, боловсон хүчин сайтай учир ийнхүү амжилттай ажиллаж байна. ” гэлээ.