Өнөөдрөөс COVID-19-ийн эсрэг вакциныг татах ажил эхэлнэ. Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ХӨСҮТ-д ажиллалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Вакцинжуулалтанд хамруулах ажлыг тэргүүн эгнээнд хийхээс өөр аргагүй юм байна. Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол "Нэг өрх, нэг иргэн шинжилгээ" юм. Шинжилгээнд идэвхитэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан.
Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ. Ард иргэдэд мэдээ, мэдээллийг нээлттэй өгөх хэрэгтэй. Бидний хувьд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг стандартынх нь дагуу авчирч хэрэглэнэ. " гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.
Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. ХӨСҮТ-д байрлах үндэсний агуулах хадгална. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан.