24 цагийн хугацаанд 58 хүнээс халдвар илэрсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-ээр нийт 6 хүнээс халдвар илэрлээ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Батлагдсан тохиолдлын хавьтлын тохиолдол сүүлийн 20 хоногт нэмэгдэж байгаа тул өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 109,000 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд тус шинжилгээгээр сүүлийн 24 цагийн хугацаанд 2 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд тус шинжилгээгээр нийт 6 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тухайн иргэдийн ойрын хавьтлын 5 хүнээс халдвар илэрсэн байна. Өрх бүрээс шинжилгээ авч байгаа нь халдварын тархалт, бидний хийж байгаа ажлын үр дүнг тодруулахад маш их үр дүнтэй ажил болж байна. Мөн өмнө нь бүртгэгдсэн голомтыг хумихад маш том дэм болж байна. Илрүүлэг эрт хийгдсэнээр халдвар улсын хэмжээнд тархахаас урьдчилан сэргийлнэ. Тиймээс бид олон газар шинжилгээ хийх лабораторыг байгуулаад ажиллаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 38450 хүнд шинжилгээ хийхэд 58 хүн халдвар авсан байна. 2 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн бол бусад нь ажиглалтад байсан иргэдээс илэрсэн байна. 621 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд маш хүнд-1 хүн байна.
Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2,351 тохиолдол байгаагийн 71.5 хувь нь эдгэрсэн байна
Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтал нэмэгдэж, халдварын тохиолдол нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар 6 голомт маш идэвхитэй байна.