С.ЭНХБОЛД: Улаанбаатар хотод байгаа 3 голомтыг хумих, ААН-үүдийг нээхэд бэлтгэх зорилгоор ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад албаныхан хөл хорионы зорилго, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Бид эдгээр өдрүүдэд "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-г зохион байгуулаад явж байна. Одоогоор 80 гаруй өрхийн 65,000 шинжилгээний хариу гарсан. Үргэлжлүүлэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нийт 12 лаборатори байрлуулж ажиллаж байгаа бөгөөд лабораторын үе шат нь хүлээгдэж байгаа тул зарим хариу удаж байна. Жирийн үед шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг байсан бол одоо авч байгаа шинжилгээний ачааллаас үүдэж бага зэрэг удах тохиолдол байгаа тул та бүхэн хүлээцтэй хандаарай. Gerege.mn сайтаас шинжилгээ хаана байгаа, ямар лабораторид хүргэгдсэн гэх зэрэг мэдээллийг харж болно.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 46 тохиолдол илэрсэн бөгөөд 44 нь ойрын хавьтал, 2 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн. Уг 2 тохиолдол нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс илэрсэн. Тандалт, судалгааны баг өргөн хүрээнд ажиллаж байна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Баярын өдрүүдэд идэвхитэй байгаа 30 голомтын 100,000 өрхөд шинжилгээ хийнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. Ард иргэд ч шинжилгээнд идэвхитэй хамрагдаж байна. Суурин газар шинжилгээ өгөхөөр бол цаг авах шаардлагагүй.
Бид шинжилгээний ажлыг энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлүүлэн хийх бөгөөд, Улаанбаатар хотод байгаа 3 голомтыг хумих, далд голомт байгаа эсэхийг тодорхойлох, ААН-үүдийг нээхэд бэлтгэх зорилгоор ажиллаж байна." хэмээлээ.