ЭМЯ-аас Төрийн соёрхолт хүртсэн 4 багийн түүхэн гавьяаг үнэлж “Хүндэт дэвтэр”-т бичиж, гэрчилгээ олгов
Дэлхийн анагаах ухааны шинэ технологи, инновацийг эх орондоо нэвтрүүлж нутагшуулсан баг, хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ. Эрхтэн шилжүүлэх мэс заслыг эх орондоо амжилттай хөгжүүлж, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэн тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон, Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр тэргүүтэй Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон, Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн оношилгоо, эмчилгээний асуудлыг эх орондоо цогцоор нь нэвтрүүлж чадсан Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянга тэргүүтэй хамт олон, “Өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол улсад нэвтрүүлж нутагшуулсан С.Отгонгэрэл тэргүүтэй хамт олон дээрх нэр хүндтэй шагналыг гардан авсан юм.
Энэ үйл явдлыг тохиолдуулан Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, салбарын түүхэнд үлдэх түүхэн гавьяа байгуулсан баг хамт олныг Эрүүл мэндийн яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж, гэрчилгээ олгосон юм.
Энэ нь Эрүүл мэндийн салбарын түүхэнд баг, хамт олноороо Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн анхны тохиолдол бөгөөд Короновируст халдварын цар тахалтай нүүр тулсан амаргүй цаг үед урам өгсөн сайхан үйл явдал боллоо хэмээн салбарын удирдлага, эмч мэргэжилтнүүд баяртай байна.
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр: “1996 онд анх эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үндэс суурь тавигдаж байсан түүхтэй. Түүнээс хойш хууль эрх зүйн орчин бүрдэж, багаж тоног төхөөрөмжийн нөхцөл сайжирч, 2006 онд “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг” бүрдсэн. Анх дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын ерөнхийлөгч, Англи Улсын бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчийн тусламжтайгаар, DHL компаний дэмжлэгтэйгээр УНТЭ-ээс 10 эмч, сувилагчийн хамт сургасан байна. Ийнхүү тэр үеэс Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг болж ажиллаж өнөөг хүртэл 233 удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Энэ хугацаанд анагаах ухааны салбарт олон төрлийн мэс заслын эмч нар хамтдаа нэг баг болж ажиллаж болохыг, нэг зорилттой байхад зорилгодоо хүрч болдог гэдгийг, дэлхийн түвшинд хийж байгаа зүйлийг бид хийх боломжтой гэдгийг харуулж чадлаа. Өнөө үед Монгол Улсын хүн ам дунд эрхтэн шилжүүлэн суулгасан бүлэг хүмүүс бий болсон. Олон нийтийн дунд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн гэхэд гайхах зүйлгүйгээр иргэд хүлээн авдаг болсон. Манай баг 21 хүний бүрэлдэхүүнтэй. Бид залгамж халаагаа бэлдсэн. Өнөөдөр манай багийн бүх гишүүд төрийн соёрхол хүртэж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн бүтээл маань төрийн шагнал хүртлээ. Биднийг дэмжиж байсан удирдлага, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжсэн Эрүүл мэндийн яам, УНТЭ-ийн захиргаа нийт хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэн: “Дэлхийн шинжлэх ухааны оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг, хөгжиж байгаа орнууд тэр бүр нутагшуулж чаддаггүй. Гэтэл бид энэ эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд, өнөөдөр 115 дахь мэс заслаа амжилттай хийж, нэг жилийн амьдрах чадвар маань 93.7 хувь болж, энэ амжилтаараа БНСУ-ын АСА анагаах ухааны төвийн дараа орж байна. Мөн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоонд элсэж, тус холбооноос бидэнд 2020-2025 он хүртэл судалгааны тэтгэлэг олгосон. Бид дэлхийд хийгдэж байгаа элэг шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой, амьгүй донор, амьтай донор, хүүхдийн элэг шилжүүлэн суулгах мэс засал, бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг бүх технологийг 2016 оноос эхлэн нутагшуулж чадсан. Манай баг 45 хүний бүрэлдэхүүнтэй. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг дэмжиж ажилласан УНТЭ-ийн үе үеийн удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлье”.
Өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын багийн ахлагч С.Отгонгэрэл: “Одоогоос 25 жилийн өмнө бидний багш нар, дээд үеийнхэн “Төрийн соёрхол” хүртэж байсан. Түүнээс хойш бид өнөөдөр гэмтлийн чиглэлээр 2 дахь удаагаа “Төрийн соёрхол” хүртэж байна. Одоогоос 20 жилийн өмнө манай улсад өвдөг, түнхний асуудалтай хүмүүсийн олонх нь гадаадад эмчлүүлдэг байсан. Харин өнөөдөр Монголчууд дээрх чиглэлээр гадагшаа явахаа больсон нь манай багийн хийсэн том ажлыг нэг, нөгөө талаар энэ мэс заслыг эх орондоо нутагшуулснаар улс орны болон хувь хүний эдийн засагт өндөр ач холбогдолтой зүйл болж байна. Өвдөг, түнхний хиймэл үеийн мэс заслаар жилд зөвхөн ГССҮТ, УХТЭ, УНТЭ болон зарим томоохон хувийн эмнэлгүүд хийж байгаа нь дээрх мэс заслыг Монгол Улсдаа нутагшуулж чадсаны илрэл. Цаашид бид 21 аймгийнхаа гэмтэл согогийн тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангавал орон нутагт дээрх мэс заслыг нэвтрүүлснээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой.
Уруул тагнаан, төрөлхийн сэтэрхийн эмгэгийн мэс засал, эмчилгээний багийн ахлагч Г.Аянга: “ Монгол Улсын төр засаг, Ерөнхийлөгч маань цар тахлын хүнд, хэцүү үед, эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилчдыг урамшуулж, зоригжуулж байгаа үйл явдал боллоо. Тиймээс талархаж байгаагаа илэрхийлье. Хүний бие эрхтэнд тохиолдох олон төрлийн, төрөлхийн гаж хөгжил дотроос тохиолдлын тоогоороо дээгүүрт явдаг уг гаж хөгжлийг бид өөрийн орондоо бүрэн төгс шийдэж чадлаа. Түүгээр ч зогсохгүй гадаадын улс оронд ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань тухайн улс орондоо биш Америк, Япон зэрэг улс орноос эх орноо зорьж эмчлүүлж байгаа. Ийм эмгэгтэй хүүхдийн эмчилгээ, үйлчилгээг Дэлхийн түвшинд хүрсэн цогц хэлбэрээр Улсын хэмжээнд ямар нэгэн санхүүгийн бэрхшээл учруулахгүйгээр хийж байгаа нь эрүүл мэндийн салбарын нэг томоохон асуудлыг бид шийдэж чадсан гэж харж байна.
Эх сурвалж: ЭМЯ
|