Нийслэлд халдварын тархалт МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ байна
Салбар хоорондын байгууллагуудын өчигдөр хийсэн коронавирусний эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд маш өндөр эрсдэлтэй гарчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн өдрүүдэд хөдөө явах цэгүүдээр санамсаргүй шинжилгээ өгсөн хүнээс коронавирус илэрсэн. Түүнийг тандан судлах явцад батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байсан. Тиймээс нийслэл хотод хэн ч, хэзээ ч халдварт өртөх эрсдэл өндөр байна. Цар тахлын вирус учраас шинж тэмдэггүй эсвэл хөнгөн балархай хэлбэрээр өвчлөөд явж болно. Түүнчлэн өвчилсөн хүмүүс хавьтлаа тодорхой хэлэхгүй байна. Мөн хамтарсан уулзалт цуглаанаас гадна нийлж архи дарс уух асуудал гарч байна. Нийтийн байранд халдвар гарч байгаа нь хамгийн өндөр эрсдэлтэй байна” гэв.
Өвчтөн болон хавьтлын тоо нэмэгдэх тусам халдварын тархах эрсдэл маш өндөр болж байгааг тэрбээр анхааруулав.
Мөн худалдаа үйлчилгээний төв нээгдэж байгаатай холбогдуулан иргэд өөрөө өөртөө анхаарал тавих, амны хаалт зүүх, хоорондын зай барих хэрэгтэйг дахин санууллаа.