Х.ЦЭНДСҮРЭН: “Лудо” зэрэг цахим тоглоомыг мөнгө тавьж бооцоотой тоглох нь мөрийтэй тоглоомын донтолт үүсгэнэ
СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар дэлгэцийн донтолтын талаар тус төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Дэлгэцийн донтолт гэдэг нь бие болон сэтгэцийн хараат байдал үүсгэн тодорхой шинж тэмдгээр илэрдэг эмгэгийг хэлнэ. Дэлгэцийн донтолт болон мансууруулах бодисын донтолт нь тархин дахь дофамин дааврын хэмжээг эмгэгээр ихэсгэн ингэснээр тухайн хүнд тааламжтай мэдрэмжийг үүсгэн хараат байдалд оруулдаг. Донтолт үүсэх эсэх нь тухайн хүний сэтгэл зүйн онцлог, нийгмийн хүчин зүйлээс ихээхэн хамаардаг ба нас, хүйс, боловсролын түвшин зэргээс үл хамаарна.
Сэтгэл зүйн хувьд ямар нэг хэрэгцээ нь хангагдаагүй тохиолдолд орлуулах байдлаар цахим орчноос тааламжтай мэдрэмжийг авдаг ба энэ нь донтох эрсдэлийг үүсгэдэг. Цахим хэрэглээг өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглээ талаас нь ашиглах нь зүйтэй ба хэрэглээ хэрээс хэтэрсэн тохиолдолд зуршил болж цаашлаад хэтрүүлэн хэрэглээ нь донтолт болдог.
Цахим хэрэглээ тань өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд тань саад болж эхэлсэн бол энэ нь донтолт эхэлж байна гэсэн дохио юм.
Донтох эмгэг үүссэн тохиолдолд бие болон сэтгэл зүйн талаас дараах өөрчлөлтүүд гардаг.
Сэтгэл зүйн талаас: Шийдвэр гаргах чадвар буурах, анхаарал төвлөрөлт буурах, нойргүйдэл зэрэг танин мэдэхүйн чадвар буурахын зэрэгцээ сонирхлын хүрээ хумигдан сурлагын чанар муудаж, хичээл таслах, худлаа ярих гадуур тэнэх зэрэг төрх үйлийн өөрчлөлтүүд илэрнэ. Уур уцаартай, бухимдалтай, цочромтгой, байж ядсан тогтворгүй сэтгэл зүйтэй болох зэрэг сэтгэл хөдлөлийн хариу урвалууд гарна. Мөн бага насны хүүхдэд хэлд хожуу орох, орондоо шээх, хумсаа мэрэх шинжүүд илэрч болно.
Биеийн талаас: Ядарч сульдах, толгой эргэх, толгой өвдөх, нүд аргах, хараа муудах, хоолны дуршил буурах, хүүхдийн булчин татваганах эмгэг буюу( үе үе нүдээ анивчих, байн байн нүүрний булчингаа мурилзуулах, духаа үрчийлгэх, хоолойгоо засах зэрэг давтагдсан үйлдэл хийх) илэрнэ. Маш удаан суугаа байдалтай байсантай холбоотой өсөлт болон нурууны ясны бүтцэд өөрчлөлт орох зэрэг шинж илэрч болно.
"3-6 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор өдөрт 60 минут дэлгэц үзэж болно"
Урьдчилан сэргийлэлт:
Дэлгэцийн хэрэглээ буюу утас таблет, компьютер зэрэг цацраг туяа ялгаруулдаг зүйлсийг зохистой хэрэглэж хэвших нь хамгийн сайн урьдчилан сэргийлэлт болно.
- 0-2 насны хүүхдэд дэлгэц хэрэглүүлэхгүй байх зөвлөмжийг өгдөг. Энэ насанд тархины хөгжил эмзэг байдаг төдийгүй, гавлын яс нимгэн байдаг тул цацраг туяанаас хол байлгах хэрэгтэй. Дэлгэцийн оронд илүү их тэвэр, анхаар хайрлаж байгаагаа мэдрүүл.
- 3-6 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор өдөрт 60 минут дэлгэц үзэж болно.
- 7-12 насны хүүхдэд өдөрт 1-2 цаг хүртэлх минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Мөн 30 минут дэлгэц үзсэн тохиолдолд дунд нь 15 минут дэлгэцээс холдуулах нь зүйтэй
- 13-18 нас 2 цаг хэрэглэж болно.
Насанд хүрсэн хүмүүсийн дэлгэцийн хэрэглээ 3-4 цаг байж болох ба энэ нь ажил мэргэжлээс нь хамаарна.
"Мөнгө тавьж бооцоотой тоглох нь дэлгэцийн донтолт болон мөрийтэй тоглоомын донтолт үүсгэнэ"
"Лудо" гэх цахим тоглоомын хувьд энэ нь мөн адил донтолт үүсгэх боломжтой ба сүүлийн үед хүмүүсийн дунд мөнгөөр тоглох нь ихсэх хандлага ажиглагдаж байна. Мөнгө тавьж бооцоотой тоглох нь дэлгэцийн донтолт мөн дээр нь мөрийтэй тоглоомын донтолт үүсгэнэ. Ямар нэг байдлаар мөнгөө алдаж цаашлаад мөнгөө буцааж олох гэж дахин дахин хяналтгүй тоглох нь донтолт үүсэж байгаагийн илрэл юм. Тогломоор санагдаж, хийх гэж байсан ажлаа хойш тавих өөртөө хяналт тавьж чадахгүй болох нь таныг тоглоомын хараат байдалд орж байгааг илтгэнэ. Иймээс хүмүүс өөрсдийн цахим хэрэглээндээ хяналт тавих нь зүйн хэрэг юм.