ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг
Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч, хүмүүс ханиад томуу тусах нь элбэгшдэг. Сүүлийн жилд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалж, тэтгэхийг зөвлөж байгаа. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмч А.Махпалтaй ярилцлаа.
-Сайн байна уу. Өдийд ханиад томууны үе эхэлсэн байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчин буурсан үзүүлэлттэй байна. Танайд ямар байгаа вэ?
-Энэ жилийн хувьд коронавирус цар тахал гарсантай холбогдуулан хөл хорио тавих, гар угаах, амны хаалт зүүх, зай барих зэрэг дэглэмийн үр дүнд амьсгалын замын өвчлөл буурсан. Энэ нь нэг талаас иргэд хариуцлагатай байгаагийн нэг илрэл юм. Тиймээс ханиад, томуу болон “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
- Хүмүүс ханиад хүрсэн үедээ дур мэдэн гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог. Энэ нь эргээд маш том эрсдэл дагуулж байдаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?
- Хүмүүс өвдөөд хүндрээд эцсийн шатандаа ирэхлээр л эмч, эмнэлэг гэж байдгийг санадаг. Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчлэх гэж цаг хугацаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн бол эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл манай эцэг эхчүүд хэнэггүй. Бага зэрэг ханиад хүрснийг тоохгүй орхисноор, хүндрүүлчихдэг. Мөн дур мэдэн антибиотик уучихдаг. Ямар нэгэн халдвар авсан бол нянгийн эсвэл вирусийн гаралтай болохыг түрүүлж мэдэх нь чухал. Ханиад хоолоо өвдөх гээд амьсгалын замын өвчинд антибиотик нь зохимжтой эмчилгээ болж чадахгүй. Антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэснээр дархлаа муудах аюултай байдаг.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын зөв дадал зуршил маш чухал. Тиймээс эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэхийг зөвлөж байгаа. Ханиад томууны үед болон өвлийн улиралд дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх шаардлагатай вэ?
- Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө дархлаагаа дэмжиж эрүүл мэндээ хайрлах ёстой. Эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн, амьдралын зөв дадал зуршил маш чухал. Тиймээс өвлийн эдгээр саруудад хоол хүнсэндээ анхаарч амин дэмээр баялаг тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай. Тэр дундаа олон нэр төрлийн ногоог түлхүү хэрэглээрэй. Учир нь хүнсний ногоонд агуулагдах амин дэмийн хэмжээ өндөр. Иймд биенд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хорт бодисоос урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талыг хүнсний ногоо агуулсан байдаг.
Судалгаагаар хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэдэг хүмүүс ходоодны хорт хавдраар өвчлөх магадлал маш бага байдаг. Мөн өдөрт 2-3 хумс сармисыг хоолондоо тогтмол хэрэглэж байгаарай. Ханиадтай тэмцэхэд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Мөн В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг юм. Мөн витаминаар баялаг чацаргана, аньсны шүүс, аарцыг халуунаар ууж дархлаагаа дэмжих ёстой.
- Дархлааг дэмжихийн тулд шингэн зүйлийг халуунаар уухыг зөвлөдөг. Халуунаар уух нь ямар ашиг тустай вэ?
- Нэгдүгээрт халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг. Мөн төв мэдрэлийн тогтолцоог зөв ажиллахад тусалдаг. Хүмүүс стресс, ядаргаанд орсон үед халуун усанд орох, саунд суух сонирхол их төрдөг. Энэ нь зүгээр ч тохиолдлын зүйл биш юм. Хүний бие организм ядарч сульдсан үедээ халуун бүлээн шингэн зүйлийг нэхэж байдаг гэж хэлж болно.
- Сүүлийн үед иргэд янз бүрийн амин дэм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь ихсэж байгаа. Гадуур ч бас их худалдаалагдаж байна. Нэг ширхэг капсульд хүний өдрийн хэрэгцээг хангах боломжтой витаминууд худалдаалагдаж байна. Энэ нь жимс жимсгэнийг шинээр нь идэхээс чанарын хувьд ялгаатай юу?
- Шахмал эмэн хэлбэртэй амин дэмүүд хэрэглэхээс илүүгээр байгалийн гаралтай, эко амьд хүнсийг хэрэглэхийг зөвлөмөөр байна. Жишээ нь ханиад хүрлээ гэхэд эм уухаасаа илүүгээр аньс, нэрс, чацаргана зэрэг ойн жимсийг байгалиар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн аарц зэргийг хэрэглэх нь зөв сонголт. Эдгээрийг бид жилийн дөрвөн улирал эх орондоо хэрэглэх боломжтой болсон шүү дээ.
Мөн агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай. Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Шилмүүст ойд хоёр цаг хэртэй алхахад уушги цэвэрлэгддэг. Уушги цэвэрлэгдэж байгааг яаж мэдэх вэ? Гэхээр нус гоожоод шингэрч, хамар цээж онгойгоод эхэлдэг. Мөн биеэс хор гадагшлуулахын тулд шингэн зүйлийг маш сайн уух ёстой. Цэвэр бүлээн ус, аарц, аньс, нэрс, чацаргана зэрэг жимсний шүүсийг тогтмол уугаарай.
Ярилцсан танд баярлалаа.