ГССҮТ ариутгал халдваргүйжүүлэлтийн хаалга байршуулжээ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс үйлчлүүлэгчид болон ажилчдынхаа халдварт өртөх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасгийн үүд мөн ажилчид нэвтрэх Дүрс оношилгооны тасгийн үүдэнд “SafeCate full option” бүрэн тоноглогдсон ариутгал халдваргүйжүүлэлтийн хаалга байршуулжээ.
Коронавирусын халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед, Dr.CHINGUN'S Aesthetic & Surgery Clinic эмнэлгийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж ГССҮТ-т Монгол улсад алан ёсны эрхтэйгээр борлуулагдаж буй “SafeCate full option” ариутгалын хаалгыг хандивлалаа.
Тус хаалга нь хүн ирэхийг өөрөө мэдэрч 50 см зайнаас хүний царай уншиж 3 секундийн дотор хэмжин халуунтай эсвэл амны хаалт зүүгээгүй яваа хүн нэвтрэх оролдлого хийвэл мэдэрч дохио өгөх юм. Мөн ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацан Озоны хий болон хэт ягаан туяагаар 360 градус ариутгалыг хийх аж.