ЗӨВЛӨГӨӨ: Баярын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлээрэй
Баярын өдрүүдэд ахуй амьдралд тустай зарим зөвлөмжүүдийг дараах байдлаар бэлтгэн хүргэж байна.
-ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-
Тэмдэглэлт баярын өдрүүдээр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг байна.
Бичил биетүүдээр халдварлагдсан мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэснээс хоолны хордлого үүсдэг. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүсч болно. Хоолны хордлогын үед,
-Гэдэс өвдөх
-Дотор муухайрах
-Бөөлжих
-Гүйлгэх.
-Биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэж халуурна
-Бие сулидах
-Чичэрч бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хоолны хордлого болсон тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар зөвлөгөөг хүргэж байна. Хоолны хордлого хүндрээгүй, өнгөц үед доорх аргуудыг ашиглаарай.
БӨӨЛЖИХ: Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу 2 цайны халбага давс хийхээр тооцон 1 цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн.
ЭМ УУХ: Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг 4 цагийн зайтай 4 ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү.
ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ: Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. 1 литр буцалсан усанд 2 хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна.
Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.
-ХАНИАД ТОМУУ, ОСОЛ ГЭМТЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ-
Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэсэн байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ:
-Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
-Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
-Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
-Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
-Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх шаардлагатай.