САЙН МЭДЭЭ: Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу Амбулатори ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баянхошуу амбулатори өнөөдөр ашиглалтад орлоо. Энэхүү эмнэлэг нь анх 1989 онд 35 ортой ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнөөдөр 150 ортойгоор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн иргэдэд үйлчлэхээр үүд хаалгаа нээж байна.
Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө тус эмнэлэгт 1500 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 6000 хүн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж, эмнэлэгт хэвтэхийн тулд хүлээдэг байдал 2-3 дахин буурна гэдгийг тус дүүргийн удирдлагууд хэлж байна.
Мөн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглан иргэдэд чанарын өндөр түвшинд түргэн шуурхай эмнэлгийн тусламжийг үзүүлэх боломж нээгдэж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Энэхүү эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн 120 мянга гаруй иргэдэд үйлчлэх юм. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ, өсвөр үеийн дархлаажуулалт зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон ЭХО, ЭКГ, Рентген, Клиник, Биохимийн лабораторийн шинжилгээ үйлчилгээг тус хорооны иргэд дэргэдээсээ авах боломжтой болж байна.