Салбараа өмөөрөх СЭТГЭЛИЙН ЧАГТАГА ҮГС
Эрүүл энхийн нэгэн жаргалан ...
Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ ээ гэж монголчууд ёстой л нэг голыг нь олоод хэлдэг ухаантай ард түмэн. Тэгтэл өнөө цагт эрүүл мэнд гэдэг ойлголт бараг хүний амьдарлын хамгийн хаягдсан хэсэг болчихлоо гээд хатуухан хэлчихэд хазайхгүй л болов уу. Миний хувьд шинэ мянганы өмнөхөн АУИС –ийн өндөр босгыг алхсан нэгэн. Алтан мөнгөн үеийн ахмад багш нараар хичээл заалгасан азтай хувьтай ч нэгэн. Тэр үед иргэдэд эмчийн үг зөвлөгөө ээ дээ үнэ цэнэтэй байж дээ. Төд удалгүй хоймор нутгийн гарвалтай герман улсад хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн гэх ганзагын наймаагаар хөлжиж эрхэм гишүүний суудалд тухалсан нэгэн эрхэм, салбарын маань сайд болов . Гэхдээ удсангүй эмч нар бол набор архи дарсын авилгалчид болж хувирлаа... Үгүй мөдхөн сэтгүүлч сайдтай ч боллоо. Үүнээс хойш эрүүл мэндийн салбар ч ард түмний дунд хамаг л муу нэр зүүж, амны зугаа болж, уулын чинээ цагааныг нь мартаж, туулайн чинээ харыг нь ярьсаар өдий хүрэв. Үүнийг дагаад эрүүл мэндээр ашиг олох гэсэн хувь хүмүүсийн сүлжээ, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нэртэй баталгаагүй эм, юу эс борооны дараах мөөг шиг гарч ирэв дээ. Ингэж нуршихийн учир нь дээр дурьдсан цагаас эрүүл мэндийн салбарын уруудах үйл явц эхэлж, ялсан намын төлөө зүтгэсэн хүмүүсийн шагнал нь эрүүл мэндийн сайдын суудал болж мэргэжлийн бус хүнээр олонтоо удирдуулсан ирсэн учир энэ салбарт өдий хүртэл асуудлууд үргэлжилсээр шийдэл ч маш удаан явцтай байлаа. Гэвч энэ бие ганц элдэв өвчин мянгантаа олон учир цагаан халадаа тайлалгүй цаг наргүй албандаа салбарынхан маань зүтгэдэгээрээ зүтгэсээр.
Эзэнтэй, эзэн нь ажилч, хариуцлагатай нэгэн бол тэр айл өрх өнгөтэй өөдтэй л явдаг. Сүүлийн 25 жилийн хугацаанд салбарын сайдаар эмчийн ажлаа хийж, хүний амь нас хариуцаж, үхэл амьдарлын заагтай тулгарч салбарынхаа дотрох, гаднах асуудлуудыг мэдэрсэн ойлгосон хоёр гуравхан эмч томилогдлоо. Тэд нар нь яалт ч үгүй арай өөр ажилласан, өөрөөр ажиллаж байгааг салбарынхан болоод иргэд мэдэж байгаа. Сүүлийн 4 жилд ард иргэд эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг боломжит бүх талаар хүртэж, эмч нар маань гадаад оронд л хийдэг эх орондоо өмнө нь хийж байгаагүй оношлогоо эмчилгээний олон шинэ технологийг эх орондоо нэвтрүүлж, аажим боловч зогсолтгүй урагшилсаар л байна. Гэвч нэг том асуудал хэзээд байсан одоо ч улам ихэссээр. Иргэдийн маань эрүүл мэнддээ хандах хандлага хийгээд эмч болон эмнэлгүүдийг харьцуулан дүгнэсэн өөрт таалагдсан таалагдаагүй байдлаа хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд хэт нэг талыг барьж, бүдүүлэг илэрхийлэх явдал. Энэ асуудал бас салбар дотроо ч байна. Хаа хаана л туйлшран дүгнэх гэж яардаг болжээ бид. Эртнээсээ бидний эрдэмт ухаант монголчууд маань хоёр туйлаас ангид байх чанарыг эрхэмлэж, уужуухан тунгааж, алсуурхан шийдвэр гаргаж өдий хүрсэн дээ...
Ингээд яг одоо цаг үед үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хоёрхон жишээ хэлье.
- Хувь хүний нүдээр ажихад цахим орчинд нийтлэг яригдаж буй асуудал бол 119.мн –ээс иргэд ковидийн шинжилгээний хариугаа авч чадахгүй байгаа тухай гомдол санал. Үүнийг зөвхөн ЭМЯ-ны алдаа дутагдал ажлаа хийж чадахгүй байна гэх мэтээр баалж өгөх юм. Эмч хүний хувьд жишээ татая. Мэргэжил нэгт нөхөр минь 3-р шатлалын эмнэлгийн амбулаторт хариу нь нэр нас хүйстэйгээ автоматаар хэвлэгдэж гардаг аппарат биш бол 300-350 хүний шинжилгээг нэг өдөрт аваад маргааш нь тэр бүх хариуг нэр ус нас регистрийн дугаарын алдаагүй хэвлэж өгөх нь хүндхэн ажил болдог, үнэндээ шинжилгээ хийхээсээ хариугаа хэвлэж өгөх үйл явц маш ажиллагаа ихтэй. Болдог бол үүнийг нэг автомат машины системээс шийдчих юмсан гэж шогширч байсныг санаад... Өнөөдрийн мэдээгээр ХӨСҮТ –ийн Амбэсэлмаа доктор хоногт дунджаар 27000 хүний PCR шинжилгээг хийх хүчин чадалтай 3,4 лаборатори байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ олон шинжилгээний хариуг алдаа мадаггүй сайт дээр байршуулах ажил тийм ч амар биш болов уу? IT чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн олон залуус ийм ажил дээр шинэлэг санаа шийдэл гаргаж өгөөд тусалдаг болоосой гэж өөрийнх эрхгүй бодогдлоо. Гэтэл манай залуусаас бидэнд шийдэл байна. Үүнд өөрсдийн хөгжүүлсэн ПОС болон VMC Visitor Management system төхөөрөмжүүдээ шинжилгээ авдаг бүх цэг дээр байршуулаад, тэр байршилд нь шинжилгээ өгсөн хүн нь иргэний үнэмлэхээ ПОС эсвэл VMC машинд уншуулахад нэр хаяг, регистрийн дугаар гээд бүх мэдээлэл гарч ирнэ.Үүнийгээ 119.мн –тэй холбоход асуудалгүй гээд л бичээд эхэллээ шүү дээ. Энэ мэт аливаад сэтгэлтэй залуусынхаа санал санаачлагыг нь шийдвэр гаргах түвшиндээ дэмжээд л явчихмаар байна шүү дээ... Ямартай ч таны хариуг бичигдэж сайтан дээр тавигдтал маш олон хүн цаг наргүй ажиллаж байгааг хүндэтгэж та тэдний оронд ажиллаж байсан бол яах байсан бэ бодоод сошэйлд сэвэх биш сайн санаа гарц шийдэлд нь тус болохыг уриалмаар байна.
- Дараагийн нэг зүйл мөн л Ковид гээд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг орхигдуулж байна гэдэг асуудал. Үнэндээ цар тахлыг хохирол багатай давах гэж улс нийтээрээ л чармайж байна. Тэр чинээгээр бүх эмнэлгүүд бэлэн байдлаа хангаж бас ковидтой өвчтөнг эмчлэх нөөц ор тасаг бэлтгээд байна. Ковидгүй цаг үетэй адил архаг хууч өвчтэй, байнгийн диализ эмчилгээ, туяа эмчилгээнд ордог маш олон иргэдийнхээ эмнэлгийн тусламжийг асуудлыг орхигдуулахгүй ажиллаж байгаа. Харин нэн яаралтай биш тохиолдолд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэхгүй байгаа нь иргэн таныг нэг талаар эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүнд хурдан явцтай өвчин биш бол иргэн та эмнэлгийн орчин өөрөө халдварын маш том эрсдлийн бүс гэдгийг ойлгож ухамсарлах л хэрэгтэй байна. Өвдөж байхад маань тоохгүй байна гэж бүү мушгиж ойлгоорой. Өнөөдөрхөн 22 товчоон дээр хот руу нэвтэрч чадаагүй иргэн амь насаа алдсан гэх харамсалтай мэдээ сонслоо. Магад болсон үйл явцыг нарийн мэдэхгүй ч нэг хүн нэг эмч, нэг 103-ийн багаар эрүүл мэндийн системээ 100 хувь харлуулж болохгүй шүү дээ. Уулын мод урт богинын адил... ЗГ, УОК оос гарч буй шийдвэрүүдийн дагуу эрүүл мэндийн салбар ажилласаар байгаа.. Эцэст нь аливаа ажлыг хийхэд бүх шатанд маш олон бэрхшээл тохиолдог түүнийг эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийн бүх л боломжоороо шат шатанд нь шийдэж яваа даа...
Эцэст нь та нараасаа хүсэхэд саарыг нь хэлэхдээ сайжруулахын тулд ингэмээр байна гэж уриалж, сайныг нь бас нэмэр хачиргүй сайшааж байгаач ээ гэж уриалмаар байна. Ирэх жилүүдэд дээрх олон асуудлыг шийдэх олон боломж гарч ирнэ гэж итгэж байна. Учир нь гэвэл дунд үеийн бид болон залуу эмч ажилчдын шинэ санал санаачлага, эрүүл мэндийн салбараа дэлхийн жишигт хүргэх гэсэн их хүсэл эрмэлзлэл, жирийн эмчээс бүх шатны асуудлуудыг шийдэж ажиллаж ирсэн шинэ сайдын халгалгүй барьж авсан салбарын удтал шийдэгдээгүй байсан эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, эмнэлгүүдийн хагас бие даасан байдлыг хангах, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гээд өөрчлөлтүүдээ хийж чадна гэж итгэж байна...
Хүний их эмч Б. Ганбаатар.